МАН-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ардчилсан намд 100 саяын дэнчин өгсөн хэмээн ярьсан. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Сонгууль ойртож байгааг ч хэлэх үү, МАН-ынхан сандран тэвдэж байгаа юм шиг байна. Намайг Ардчилсан намд 100 сая төгрөг өгсөн гээд Х.Ганхуяг гэгч нөхөр өнөө өглөө ярьж байх юм. Энэ бол гүтгэлэг гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Би намд орох санал өгсөн нь үнэн. Яагаад гэвэл МАХН-ын өнөөгийн удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тийм учраас шударга сайн мөрийн хөтөлбөртэй намуудад орох хүсэлтэйгээ илэрхийлсэн байгаа.
Тэгтэл Х.Ганхуяг гээч нөхөр намайг АН-д 100 сая төгрөг өглөө гээд ярьж байх юм. Сонгуулийн тухай хуулинд "Сонгуулийн жилд аливаа гүтгэлэг, доромжлол тараасан бол тухайн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэж заасан байдаг. Тэгэхээр Х.Ганхуяг гэгч нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшихээргүй болж байна.
Энэ талаар би Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр хандана. Тэр хүн миний дансны хуулгыг бэлдээд байж байгаарай. Мэдээж би 100 сая төгрөг өгөөгүй юм чинь өөртөө өндөр итгэлтэй байна" гэлээ.