УОК-ын Шуурхай штаб, Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй штабын бүрэлдэхүүн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ "Дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо ирье гэсэн санал хүсэлт өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай. Одоогийн байдлаар 6100 иргэн эх орондоо ирэх санал хүсэлтээ ирүүлсэн байна.
Мөн 47 улс оронд нөхцөл байдал амаргүй байгаа учраас манай иргэдийн хувьд хүнд байна. Хамгийн хүнд асуудал бол Ази иргэдийг ялгаварлан гадуурхах байдалд өдөр өдрөөр нэмэгдэж, дэлгүүр орж чадахгүйд хүрсэн байна. Бид иргэдээ авчирна. Гэхдээ нислэгийн хэлэлцээртэй улс орноос иргэдээ авчирна. Тиймээс нислэгийн хэлэлцээр хийх боломжгүй байгаа газраас иргэд бусад улсаар дамжин ирж байна.
Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 08-ны өдөр БНСУ-руу хийнэ. Нисэх баг маань иргэдийн адил 21 хоног тусгаарлагдах учраас нислэгийг ойрхон хийх хүсэл байгаа боловч боломжгүй.
БНСУ-аас өчигдөр ирсэн иргэдээс шинжилгээ өгч чадаагүй 18 хүн байгаа, бусад нь өгсөн.
Харин Токиогоос ирж байгаа иргэд шинжилгээ хийгдээгүй, маш өндөр эрсдэлтэй иргэд ирж байна. Энэ нислэгээр АНУ-аас иргэд дамжиж ирж байна. Тиймээс онцгой анхаарал татаж байгаа. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-үү шилжүүлнэ. Бусад иргэдийг гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа юм. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана" хэмээв.
Шадар сайд Ө.Энхтүвшин хүүгээ тусгай үүргийн онгоцоор ирсэн талаарх асуултад "Герман-Москва чиглэлээр ирсэн 20 гаруй зорчигч дутуу нислэгээр манай хүүхэд өөрөө тасалбараа бичүүлээд ирсэн байсан. Хэн ч байсан өөрийн хүүхдээ "Чи даргын хүүхэд учир болохгүй" гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Миний хүү төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, очер дайраагүй эх орондоо ирсэн" гэв.