Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ санамж бичиг нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тодорхойлсон зорилтуудыг хангахад чиглэсэн төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох аж.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич хэлэхдээ “НҮБ Монгол Улсын Сангийн яамтай хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хөтөлбөрт суурилсан, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, төсвийн төлөвлөлтийн үйл явцыг болгох юм. Хамтын ажиллагааны хүрээнд бид аргачлал журмуудыг боловсруулсан. Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улсын төсвийн төлөвлөлт, хуваарилалт нь тогтвортой хөгжлийн үзэл баримтын зорилтыг биелүүлэхэд чиглэж чадахгүй байна хэмээх дүгнэлтэд хүрсэн. Нөгөөтээгүүр нийгэм, эдийн засаг, байгаль орчны цогц байдлаар тогтвортой хөгжлийн зорилт, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд энэхүү санамж бичиг дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг хангахын тулд засгийн газрын зүгээс олон улсын байгууллагуудтай түүний дотор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд нэлээдгүй үр дүнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд төсөв санхүүгийн байдлаа тогтвортой байлгах үүднээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байсан. Байгаль орчин, эрүүл мэндийн салбарт гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Дэлхийг хамарсан коронавирусийн үед бидний хийсэн ажлын үр дүнгүүд гарч, эдийн засгийн шокны үеийн сорилтыг давсаар байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газрын хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэлээ.