Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвар дэгдсэн орнуудад суугаа монгол иргэдээ татах тусгай үүргийн хоёр дахь нислэгийг үйлдэхээр болсон. Нислэг энэ сарын 3, 4-нд Сөүл, Токио чиглэлд хийгдэх юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэхээр болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандсан юм. Харин Ц.Элбэгдорж энэ мэдээллийн хариуд “Би удахгүй очно” хэмээн жиргэсэн бол коронавирусийн халдвар дэгдсэний улмаас гадаадад байгаа нэн шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах шийдвэр гарсны дараа тэрбээр,
“Нэн шаардлагатай иргэээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшиилж, бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн твиттэртээ жиргэж байсан юм.