Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахад Засгийн газраас 7 зүйл бүхий арга хэмжээ авахаар төлөвлөөд буй. Тэгвэл саяхан байгуулагдсан ШИНЭ эвслийн удирдлагууд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газрыг оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй байна гэж үзэн, дараах арга хэмжээнүүдийг авахыг шаардлаа.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан:
"Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг бууруулах чиглэлд Засгийн газраас дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, Нарантуул, Хархорин, Хүчит шонхор, Сандэй, Өгөөмөр, Өмнөговьд машин түрээсэлж ажилладаг 10-20 мянган жолооч нар руу чиглэсэн бодлого алга. Иймд түрээсийн төлбөрийг 3-6 сараар хойшлуулах бодлого гаргаж ажиллах хэрэгтэй гэж манай эвсэл үзэж байна.
Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 800 мянган жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдэд зориулж 1-3 хувийн хүүтэйгээр хоёр жил хүртэлх хугацаатай зээлийн багц гаргахыг санал болгож байна. Дэлхийн зарим улс оронд энэ бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн байгаа.
Бүх өрхөд онцгой нөхцөлийн тэтгэмж олгох, мөн хэрэглээний хүнсийг тусгай талоноор олгох, ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах ёстой.
Түүнчлэн шатахууны үнийг 1000-1100 төгрөгөөр буулгах асуудлыг Засгийн газар судлах ёстой. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрс хямдарсан учраас Монгол Улсад шатахууны үнийг 40-50 хувь бууруулах боломжтой гэж бид үзэж байна" гэв.
Эцэст нь ШИНЭ эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уриалгын нэгд заасан "Улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Үндэсний зөвшилцлийн түр хороог УИХ-ын дэргэд байгуулах" саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.