Тэшүүрийн насанд хүрэгчдийн ойрын зайн олон төрөлтийн (500, 1000 метр) УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Хандгайтад болж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэлээс Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, орон нутгаас Хөвсгөл, Булган аймгийн Могод, Төв аймгийн Эрдэнэ сумын 20 шилдэг тамирчин хурд, хүч сорин өрсөлдөв. Ойрын зайн олон төрөлтийн УАШТ-д шилдэг тамирчид л оролцдог онцлогтой. Учир нь 500, 1000 метрийн зайд хэн бага цаг зарцуулсан нь аварга болдог тул тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Тэр дундаа орон нутгийн тамирчид хотын тэшүүрчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болжээ. Энэ удаагийн тэмцээнд зэрэглэл өндөртэй, гадаадын тэмцээнд эх орноо төлөөлж оролцдог тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлдсөн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон. Эхний өдөр 500 метрийн зайд эрэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тэшүүрийн шигшээ багийн тамирчин Я.Зоригтбаатар 38 секунд 01 доль, О.Амарзаяа 39 секунд, 60 доль, эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны шигшээ багийн тамирчин А.Зул (43 минут, 15 доль), Б.Гэрэлтуяа (45 минут, 18 доль) амжилтаар тамирчдаа тэргүүлсэн.
1000 метрийн зайд Я.Зоригтбаатар нэг минут 16 секунд 44 доль, эмэгтэйчүүдээс А.Зул нэг минут, 27 секунд, 30 долийн амжилттай уралдсан нь өмнөх тэмцээнүүдэд гаргасан амжилтаа ахиулсан юм. Тэгвэл хоёр дахь өдрийн тэмцээнд мөсөн дээрх тэшүүрийн шилгүүдтэй Төв аймгийн Эрдэнэ сумын тамирчид эн тэнцүү өрсөлдөж, Хөвсгөл, Булган аймгийн тамирчдыг ардаа орхив. Тэдний амжилтаас орон нутагт тэшүүрийн спорт хэр хөгжиж байгааг харж болохоор байлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр тэшүүрчдийг хошуучилсан тамирчид шилдэг гэдгээ харуулж шагналын тавцанд медаль зүүсэн юм. Эрэгтэйчүүдээс Я.Зоригтбаатар түрүүлж, О.Амарзаяа удаалан, Г.Мөнх-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан. Эмэгтэйчүүдээс А.Зул тэргүүлсэн бол Б.Гэрэлтуяа аман хүзүүдэж, Г.Энхзул гуравдугаар байр эзэллээ. Багийн дүнгээр “Алдар” спорт хороо түрүүлж, хоёрдугаар байрт Баян зүрх дүүрэг, гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын тамирчид жагссан. Орон нутгаас энэ жилийн тэмцээнд Төв аймгийн тамирчид багаараа эхний гуравт багтаж, байр урагшилсан нь хотын баг тамирчдад хүчтэй өрсөлдөгчтэй болсныг сануулсан юм.