Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтан, ахлагч Ш.Одсүрэн холимог тулаанаар хичээллэж, амжилт гаргаж яваа залуусын нэг. Тэрбээр ОХУ-д зохион байгуулсан “Владивосток-2019” олон улсын тэмцээнд 30 гаруй орны тамирчин оролцоход IPFC (Ippon primorye fghting championship) холбооны холимог тулааны 61 кг-ын жинд тус улсын тамирчин Гажди Курбаналиевтэй тулалдан ялж, бүсний эзэн болсон юм. Тэрбээр өмнө MFC, Sibforce baikal fight¬ing тэмцээнд түрүүлж байв.
-Чөлөөт бөхийн тамирчин тулааны спортод урвасан нь тун сонирхолтой. Энэ спортын тамирчид бокс, таеквондо, бөхийн төрлүүдийн аль нэгээр нь хичээллэсэн байдаг юм билээ.
-Би арван жилийн сургуулийн сурагч байхдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Цэргийн алба хааж ирээд 2014 онд холимог тулааны спортод хөл тавьж байлаа. Бөхийн спортоор хичээллэж байсны суурь холимог тулаанд их хэрэг болсон. ОУХМ Б.Дамланпүрэв ахын зөвлөснөөр Н.Ганбаатар багшийн удирдлагад “Ширэн бээлий” клубт боксын бэлтгэл хийсэн өдрөөс өнөөг хүртэл энэ спортоор тууштай хичээллэж байна. Намайг дэмжиж, амжилт гаргахад минь тусалсан ах нар, найз нөхөд бий. Тэднийхээ сэтгэлийн дэмэнд өөрийгөө өдий зэрэгтэй яваа гэж боддог.
Миний хувьд энэ спортод амжилт гаргасан тамирчдын зөвлөгөөг дагаж, чамгүй туршлага хуримтлуулаа. 2015-2019 онд байлдааны болоод спорт самбо бөх, гардан тулааны тэмцээнүүдэд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Байлдааны самбогийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. “Шинобу файт 2018” мэргэжлийн кик боксын шилдгийн шилдэг тамирчин шалгаруулах тулаан зохион байгуулахад шилдэг наймд үлдэж байлаа.
-Тулааны спортод хөл тавьсан тамирчид бүстэй болохыг хүсдэг ч санаснаар амархан бүтдэггүй. ОХУ хүчтэй тамирчидтай. Тэдний нэгийг ялж, аварга болно гэдэг чамлахааргүй амжилт шүү дээ.
-Намайг Орост амарч байхад “Владивосток-2019” олон улсын тэмцээнд оролцооч гэсэн санал ирүүлэхэд нь багштайгаа ярилцаж байгаад шийдье гэж хэлсэн. Ирээд “Ширэн бээлий” клубийн ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Д.Төрбат, Н.Ганбаатар багш нартайгаа зөвлөлдөж, эл тэмцээнд оролцохоор боллоо. Владивостокт очиход БНСУ, Бразил, Казахстан гээд 30 гаруй орны туршлагатай, шилдэг тамирчид ирсэн байв. Жингээ үзүүлтэл 2 кг, 500 грамм илүү байсан тул буудлынхаа өрөөнд дасгал хийж дахин жингээ үзүүлтэл нэг кг хассан байв. Оросын талаас “Чи жингээ хасах хэрэгтэй. Хэрвээ хасаж чадахгүй бол чамд шар карт өгнө. Орой 22.30 цагт, эсвэл өглөө жинг чинь үзье” гэдэг юм байна. Тэгтэл багш “Жингээ хасаад, орой үзүүлье.
Орой жингээ хасаад өглөө үзүүлбэл манай тамирчин хоол идэхгүйгээр тулалдаж чадахгүй” гэлээ. Надтай тулалдах тулаанч Оростоо алдартай. Дэвжээнд би “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дууг тавьж, Төрийнхөө далбааг нөмрөөд гарахад үзэгчид хашхираад л сүртэй угтсан. Гажди Курбаналиевыг гурван раунд тоглож ялах үнэхээр амаргүй байлаа. Эхний раундад тэрбээр доороос сөхөж өшиглөөд хамар хугалчихлаа. Тэмцээнд тулалдах гэж очсон болохоор зорилгоо бодож их тэвчсэн. Дараагийн раундад түүнтэй эн тэнцүү тулалдсан, гурав дахь раундад тэнцсэн. ОХУ-д тэмцээн болж байгаа тул шүүгчид өөрийн орны тамирчинд хожил өгөх байлгүй гээд сэтгэл дундуур зогсож байтал шүүгч миний гарыг өргөөд, тэмцээний ялагч болсныг зарласан. Нэг мэдсэн би Төрийнхөө далбааг нөмөрчихсөн баярласандаа дэвжээн дээр хашхирч байв. Бууж ирэхэд багш “Энэ бүсийг алдлаа гэж бодож байлаа. Өнөөдөр бидний ялалтын өдөр” гээд урам хайрласан.
-Тэмцээний өмнө Гажди Курбаналиевын тулааны онцлог, арга барилыг судлав уу?
-Явахаасаа өмнө нь яг ийм нэртэй армян тамирчин байдгийг мэдсэн. Г.Курбаналиевтай овог, нэр нь адилхан байсныг мэдэлгүй судлаад байж. Гэтэл тэмцээнд оролцохын өмнөхөн миний тулалдах тамирчин Арменых биш, ОХУ-ын тулаанч болж таарав. Судалж, тактик боловсруулсан маань талаар болсон тул Оросын тамирчинтай өөрийнхөө мэдрэмжээр тулалдсан. Түүнтэй өрсөлдөхөд чөлөөт бөхөөр барилддаг байсан минь их нөлөөллөө. Өрсөлдөгч маань бие том, бяртай, бөхийн спортоор хичээллэдэг. Миний зарим цохилт түүнд маш хүчтэй очиж байсан тул балмагдаж, дараагийн үйлдлээ хийж чадахгүй болж байв. Тэрбээр намайг унагаагаад дээрээс цохих үед нь би маш сайн хамгаалсан. Намайг ялах гэж шатаж тоглосоор сүүлдээ ядарч цуцсан. Өрсөлдөгчийнхөө доор байгаа тамирчин үйлдлийг нь маш сайн хардаг. Түүний тоглолтыг харж байгаад хэрхэн тулалдах талаар багш, М.Нандин-Эрдэнэ хоёр сайн зөвлөсөн. Г.Курбаналиев мэргэжлийн түвшинд гурав, сонирхогчийн түвшин арав түрүүлсэн тулаанч. Амжилтаараа бол надаас илүү, олон удаа тулалдсан туршлагатай.
ТУЛААНДАА ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЕХНИКҮҮДЭЭС АШИГЛАДАГ
-Та ОХУ-ын Буриад улсын Тункинский районд болсон тэмцээнд Ш.Зоригтотой тулалдаж ялсан. Энэ тухай яриач.
-2016 онд холимог тулааны тэмцээнд анх оролцож, Буриадын аварга Ш.Зоригтотой өрсөлдсөн. Миний хувьд нүд тайлсан, мэдлэг тэлсэн, туршлага хуримтуулсан тэмцээн байлаа. Тэрбээр бокс, таеквондогоор хичээллэдэг. Түүнтэй эхний раунд тоглоход өөрийнхөө зайд ер оруулахгүй байлаа, дараагийн үед би чөлөөт бөхийн техникүүдээс ашигласан. Тэрбээр хөл, гарын ажиллагаа сайтай тул би бөхийн мэх хийн унагаж, өчсөн. Хэрвээ өрсөлдөгчийнхөө аргаар үзсэн бол амархан ялагдах байв. Түүнийг давхар хамах гэхээр өвдөг нь тулаад, эсвэл гараараа цохиж хамгаалаад болдоггүй. Хоёрдугаар раундын тоглолтод өрсөлдөгч маань намайг шахаад эхэлсэн. Хоёр талд нь гарч өшиглөж гүйгээд, давхар хамж унаган, ард нь гарч боолтын барьц авсан. Тэмцээний бичлэгийг ажлын маань залуус үзээд “Буриадын аваргыг урамтай ялжээ. Чи сармагчин шиг дүүлж хожсон” гээд байна лээ.
-Шинэ онд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ. АНУ-д бэлтгэлээ базаана гэсэн үү?
-Тийм ээ. Ирэх хоёрдугаар сарын 1-нд “Mon¬golian fighting championship” тэмцээнд 61 кг-ын жинд АНУ-ын тамирчин Брейди Хуантай тулалдана.Тэрбээр Монголд ирж тулалдахаар болсон. Энэ тамирчин 10 удаа ялж, нэг ялагдсан амжилттай. Urcc bantamwieght champion холбооны аваргын бүстэй. Миний хувьд түүнтэй тулалдах шийдвэр гаргаад удаагүй байна. Энэ тэмцээнд оролцчихоод гуравдугаар сард АНУ-ын Нью Мексико муж дахь Jackson wink ММА академийг зорино. Тэнд Монголын холимог тулааны аваргууд бэлтгэл базаадаг юм. Миний хувьд бэлтгэл хийхээс гадна гадаадын болоод өөрсдийнхөө тамирчдаас туршлага судална. Өөрийгөө ямар түвшинд явааг мэдэхийг хүсэж байгаа. Зорьсондоо хүрэхийн тулд зоригтой алхам хийе. Хойшдын амжилтад минь нөлөөлөх шинэ гарц тэнд гарах болов уу гэж найдаж байгаа.
-Чөлөөт бөхөөр барилддаг байсны давуу талаа өрсөлдөгчдөө харуулсан удаа цөөнгүй биз.
-Чөлөөт бөх барьцгүй, хурд хүч, авхаалж самбаа, уян хатан хөдөлгөөн агуулдаг. Тиймээс тухайн тамирчнаас мэдрэмж их шаардана. Чөлөөт бөхийн барилдааны техникүүд холимог тулааны арга барилд ч ордог. Тухайлбал, ард нь гарч унагана, босоо, хэвтээ байрлалаас барилдана. Холимог тулаанд байрлал их чухал. Байрлал авах, шилжилт хийхэд хурдаас гадна анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Бөхийн төрлүүдээс чөлөөт бөх тулааны шинжийг агуулдаг. Миний оролцсон холимог тулааны тэмцээнүүдэд чөлөөт бөх суурь болдог. Бокс түрүүлж сураад чөлөөт бөхөөр хичээллэхэд амаргүй. Учир нь уян хатан чанар шаардахаас гадна хөдөлмөр, цаг хугацаа их зарцуулна. Дасгалжуулагч багш чөлөөтөөр барилдаж сурахад өнхрөлт, уналт түрүүлж заадаг. Бөхийн спортод зөв унаж сурах нь бэртэл гэмтлээс хамгаалдаг юм. Хэрвээ зөв унаж сурахгүй бол биеэ хамгаалж чадахгүй.
-Тулааны тамирчид бөхөөс гадна байлдааны самбогоор өрсөлддөг. Тулааны төрөлд ордог спорт болохоор үзэгч олонтой байдаг.
-Миний хувьд байлдааны самбогийн УАШТ-д оролцохдоо барилдааны бэлтгэл бага хийдэг. Өмнө нь барилдаж байсан чөлөөт бөхийн суурьтаа үндэслэж, тулааны бэлтгэл базаадаг юм. Гардан тулаанд ч мөн ялгаагүй цохино, мөргөнө, өвдөглөнө, тохойлдоно. Тэр дундаас шилжилт хийж, барилдааны мэх рүү ороход амар байдаг. Намайг байлдааны самбогоор хичээллэхэд Б.Дамланпүрэв ах анх хөтөлсөн. Би байлдааны самбогийн тэмцээнд таван удаа оролцсон. Амжилт гаргахад тамирчин хүнд олон зүйл нөлөөлдөг. Нас ахих тусам хүний хөдөлгөөн удааширдаг. Залуу тамирчидтай өрсөлдөхөд хурдыг нь гүйцэхгүй болно. Намайг хамт олон маань сайн ойлгож, ар тал минь болдог. Ажлаас чөлөөлөх зөвшөөрөл олгож, бэлтгэл хийх цаг, зав гаргаж өгдөг юм.
ТЭМЦЭЭНЭЭС НҮД, АМ ХӨХӨРСӨН ИРЭХЭЭР ЭЭЖИЙН СЭТГЭЛ ЗОВЖ, УЙЛДАГ БАЙЛАА
-Гэрийнхнээс тань дэмждэг фэн хэн бэ?
-Миний хамгийн үнэнч фэн ээж минь. Тамирчин хүний ойр дотнын үнэнч туслах, шүүмжлэгч нь гэр бүл нь байдаг. Тэмцээнд ялагдах амархан, ялах хэцүү. Өрсөлдөгчөөсөө нэг алхам илүү байж хожно. Ялагдал алдаагаа ухаарах ухаарал болдог, өөртөө дүгнэлт хийх боломж олгодог. Би оролцсон тэмцээнүүдийнхээ бичлэгийг үзэж, өрсөлдөгчийнхөө давуу тал, арга барил, техникийг харж судалдаг. Тэмцээний дараа амарч байхдаа байгальтай ойр байхыг хүсдэг. Зун ойгоор зугаалж, гол, горхи, шувуудын чимээ сонсоно, өвөл салхинд гарч цана, чаргаар гулгана. Ингэж амрахаар ажлын алжаал, ядаргаа тайлагддаг юм. Спорт намайг өөрийгөө төлөвшүүлэхэд тусалсан. Би хүүхэд байхын хөдөлгөөнтэй, үеийнхээ хөвгүүдтэй байсхийгээд л гар зөрүүлдэг сахилгагүй нэгэн байлаа. Өмд урагдаж, нүд, ам хөхөрчихсөн ирэхээр ээж зэмлэнэ. Чөлөөт бөхөөр хичээллэх болсноор, хэсэж сэлгүүцэх минь хумигдаж, чөлөөт цагаа спортод зарцуулах болсон. Хичээлээсээ ирээд, бэлтгэлээ хийхээр яараад л гүйнэ.
Орой хичээлээ давтаж, гэрийн даалгавраа хийнэ. Хаа сайгүй дүрсгүйтэж, хавийн нөхөдтэй гар зөрүүлдэг хүн гэнэт төрөл арилжсан мэт болж хичээл ном, секц дугуйлан гэж гүйхийг хараад олон хүн гайхсан. Тэмцээнд оролцож, амжилт гаргаад эхэлтэл загнадаг багш нар хүртэл өөрөөр хандах боллоо. Спорт миний амьдралыг өөрчилсөн. Ээж ОХУ-д ажиллаж, амьдардаг. Бид хэдий хол ч гэлээ өдөр бүр утас, цахимаар холбогддог. Намайг тулааны спортод хөл тавихад ээж тийм ч дуртай байгаагүй. Нэг өдөр “Миний хүү ийм спортоор хичээллэх дэмий. Зодолдсоор байгаад сүүлдээ толгой, тархи нь өвддөг болдог гэнэ. Гэмтэл, бэртэл авдаг гэж хүмүүс ярьж байна” гэсэн. Тэмцээнд оролцоод хөмсгөө зад цохиулаад, хацар, ам хөхөрчихсөн ирэхээр “Ээж нь чамайг эрүүл саруул өсгөсөн, гэтэл ийм болчих гэж дээ” гээд уйлна. Холимог тулааны тамирчид тэмцээнд бэртэл гэмтэлгүй үлдэх нь ховор. Маш хүчтэй цохидог учраас гарын хуруунууд хамгийн түрүүнд хугарна, дараа нь томоохон үеүд гэмтдэг юм. Одоо бол ээж “Миний хүү зорьсондоо хүрэхийн тулд хичээгээрэй. Энэ спортод амжилт гаргах нь чиний мөрөөдөл. Ээж нь чамайг хорьж чадахгүйгээс хойш бүх талаар дэмжиж, тусална” гэдэг.
-Ээж, эхнэр тань тэмцээнийг чинь очиж үздэг үү?
-Тэмцээн үзэх сонирхолтой. Гэхдээ би ээж, эхнэрээ тэмцээн үзүүлэх дургүй. Намайг тоглож байгааг хараад сэтгэл нь зовно гэж боддог юм. Эхнэрийг маань Б.Болормаа гэдэг. Эдийн засагч мэргэжилтэй. Гэр бүл минь намайг бүх талаар дэмждэг. Надад “Чи чадна, болохгүй бүтэхгүй гэж бүү ярь. Үг хүчтэй, үйлдэл болдог. Тиймээс бүх зүйл болно, бүтнэ гэж өөдрөгөөр бодож байгаарай” гэж зөвлөдөг юм. 2016 онд холимог тулааны тэмцээнд оролцож байтал ээж, ах хоёр хүрээд ирлээ. Ээж “Тэмцээн үзэж хүүгээ дэмжихээр ирлээ” гэсэн. Тулалдаж байгаад хартал ээж зогсчихсон бичлэг хийж байв. Санаа нь зовж, сэтгэл нь түгшиж байгаа нь тэмцээний үед надад дарамттай санагддаг юм. Би гэрийхнээсээ ганцаараа спортоор хичээллэдэг нь. Бага байхдаа хоёр ахтайгаа өссөн. Хааяа дүрсгүйтэж ах нараасаа шанаа авна. Тэд намайг аав, ээжээс дутуугүй өсгөсөн. Нэг нь хичээлийг минь давтуулна. Нөгөөх нь эцэг, эхийн хуралд сууна. Багш миний талаар ахад таагүй зүйл хэлбэл суран бүсний амт үзүүлнэ шүү дээ. Эрчүүдийн дунд өссөн хүн өөр байдаг. Хатуу үг, шүүмжлэл даана, хэр баргийн зүйлд сэтгэлээр унахгүй, зоригтой, дайчин, шийдэмгий ханддаг гээд давуу талтай.
-Дүрсгүйтээд байхаар нь ээж тань цэргийн алба хаалгахаар комиссынхонд хандсан гэл үү?
-Үгүй ээ, би өөрийн хүслээр цэрэгт явсан. Дорноговь аймгийн Улаан-Уул сум дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангид алба хаасан. Тэнд төлөвшиж, жинхэнэ эр хүн болсон. Миний хувьд цэргийн алба хаасан түүх их сонин. Жижигхэн биетэй болохоор чөлөөтөөр 48 кг-д барилддаг байлаа. Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын комиссоор ортол эрүүл хэрнээ биеийн жингээр тэнцдэггүй. Тэгэхээр нь цэргийн комиссынхноос, бас үзлэг хийсэн эмчээс нь гуйлаа. Цэрэг татлагын комиссын дарга над руу хараад “Одсүрэн, би гарын үсэг зурлаа шүү, тэнд очоод тураалд орвол хариуцлага хүлээхгүй, чи өөрийн хүсэлтээр цэрэгт явлаа” гэж билээ. Тэгсэн эмч нь “Би чамайг үзлэгээр тэнцүүлчихлээ. Хилийн цэргийн дамжин дээр очиж эрүүл мэндийн үзлэгт дахин орно. Тэнд очоод хасагдвал гомдолгүй шүү. Би чамд нэг зүйл хэлье, ус, ундаа их уугаарай. Тэгвэл жин чинь нэмэгдэнэ” гэлээ.
Үеийнхээ залуучуудтай хамт хөдөллөө. Биднийг хоолонд оруулаад комиссоор дахин оруулж, үзлэг хийв. Эмч намайг гайхаж харснаа давсаг дээр дараад “Хүүш, чиний давсаг тэсрэх нь. Хурдан явж бие засаад ир” гэлээ. Арай гэж тэнцтэл комиссынхон надаас “Чи төвд, эсвэл хилийн цэрэгт алба хаах уу” гэж асуухад нь “Хилийн цэрэгт алба хаахыг хүсэж байна” гээд 0129 дүгээр ангид хуваарилагдсан. Хилийн цэрэгт алба хаахдаа олон зүйл сурсан. Хотоос очсон болохоор таних хүнгүй хэд хоног ганцаардлаа. Олонх нь Төв, Дундговь аймгаас ирсэн байлаа. Хэн нэгэнтэй яриа өрнүүлэх гэхээр нутаг ус, сум гээд ярианы сэдэв өөр болчихно. Цэрэгт очсон залуусаас дүрсгүйтэж яваад хамгийн анхны шанааг би хүртэж байв. Тангаргийн баярын барилдаанд шөвгөрч шагнуулсан. Жижигхэн биетэй “амьтан” гараад л биерхүү залуустай барилдаж, унагаагаад байсан тул дарга маань хүртэл дэмжиж суугаа харагдсан.
-UPS-ийн домог “онгироо шар” хочтой хөнгөн жингийн дэлхийн аварга Конор Макгрегорыг шүтдэг гэв үү?
-Тийм ээ. Түүний тулааныг үзэх гэж хүмүүс хошуурдаг. Тэмцээнээс хамгийн их ашиг олдог тамирчин. Түүний шийдэмгий, өөртөө итгэлтэй, дайчин зан чанар таалагддаг. Макгрегор 2016 онд “Тэтгэвэрт гарч” буйгаа зарлаж, олныг гайхшруулсан ч UFC-дээ эргэн ирж, тулалдсаар байгаа. Тэрбээр босоо тулаанд гайхалтай. Миний сонирхож судалдаг тамирчны нэг. ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын бүсээ хадгалж үлдлээ. Түүний барилдааны арга барил өвөрмөц. Босоо байрлалаас хэвтээ рүү шилжихдээ гаргууд. Өрсөлдөгчөө тоглолтынх нь арга барилд тохируулж цохилт хийж, барьц авдаг. Хөл авч, ууцаар нь тэвэрч, цээж, гар, хөл рүү ордог. Барьцаа ахиулсаар байгаад яах ч аргагүй байдал оруулж хождог. Түүнтэй таван үе тоглосон тулаанч бие, сэтгэл зүйгээр туйлдаж ялагддаг нь харагддаг.