МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өчигдөр хуралдаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаа, тогтолцооны тухай хэлэлцэж, дэвшүүлсэн санал, дүгнэлтийнхээ талаар мэдээлэв.
Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан
“Гурван өөр сонгуулийг 2015 оноос хойш нэг хуулиар зохицуулж ирлээ. Нэг хуулиар үүнийг зохицуулах боломжгүй байна. Тиймээс тус тусад нь хуулийн төсөл боловсрууллаа. Ингэхдээ улс төрийн 26 нам, иргэд, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан, хоёр удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 410 гаруй санал ирсний 320 орчмыг хуулийн төсөлд тусгалаа. Эдгээр санал нь сонгуулийн тогтолцоо, зохион байгуулалт, иргэдийн шилжилт хөдөлгөөн, цахим сурталчилгаа, маргааныг хэдий хугацаанд хэрхэн шийдвэрлэх тухай байлаа. Хуулийн төслийн үндсэн зарчим нь мөнгө тарааж сонгогдох явдлыг зогсоох юм. Түүнчлэн сонгуулийг 50:26 гэсэн тогтолцоогоор явуулахаар төсөлд тусгаад байна. Цаашид сонгуулийг мажоритар (нам бус, нэр дэвшигчийг шууд сонгох) тогтолцоогоор явуулна гэдгээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тунхаглачихсан. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгоно. Шууд сонгоно гэдэг нь мажоритар тогтолцоо. Энэ тогтолцоо нь дотроо таван янз байна. Одоогоор улс, бүс, аймаг, жижиг гэсэн дөрвөн тойрогтой байгаа. Үүн дээр том, жижиг мажоритар тойрог буюу холимог тогтолцоотой болох санал дэвшүүлсэн юм.
Энэ нь жижиг тойргоос 50 гишүүн шууд сонгогдоно гэсэн үг. Мөн улс төрийн намууд дотроосоо 26 гишүүн нэр дэвшүүлж, улс даяар нэг тойрогт өрсөлдөнө. Эдгээр 26 гишүүн нь ганцхан тойргоос буюу ард түмнээсээ санал авна. Харин иргэд хоёр сонголт хийнэ. Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшсэн 26 нэр дэвшигчийн аль нэгийнх нь нэрийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн хүний төлөө санал өгнө. Бид дандаа намын нэрийг л дугуйлдаг. Намын гишүүд нийт сонгогчийн хэдэн хувийн санал авснаараа өөрсдийгөө эрэмбэлдэг. Одоо бол иргэд УИХ-ын гишүүдийг сонгож, эрэмбэлэх бо
ломжтой. Энэ нь намын нэрийг дугуйлах хэлбэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн сонгуулийн сурталчилгааг аль болох зардал багатай хийж, нэр дэвшигчдийг ижил түвшинд өрсөлдөх боломж бүрдүүлнэ. Нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авсан даруйдаа сурталчилгаагаа шууд эхлэх боломж бүрдүүлсэн. Ингэснээр сурталчилгаа явуулах хугацаа 2-3 хоногоор нэмэгдэх боломжтой” гэв. Сонгуулийн сурталчилгааны талаар тэрбээр “Фэйсбүүк” компанийн төлөөлөл манай улсад гурван удаа ирж, нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх санал тавьсан. Үүнийг хэрэгжүүлбэл нэргүй, хуурамч хаягаас түгээдэг хуурамч мэдээлэл, сонгуулийн хар пиарыг хянах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Фэйсбүүкээр сурталчилгаа явуулахыг бүрэн хориглохгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрсдийн албан ёсны хаягтай байх шаардлага л тавьж байгаа” гэдгийг онцоллоо. Түүнчлэн иргэд нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаахгүй гэдгийг тус бүлгийн гишүүд хэлж байв.
“Хар машин”-аас гадна гараар тоолохыг дэмжиж байгаа
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат
“Сонгуулийн дүнг санал тоолох машинаар болон гараар тоолохыг дэмжиж байгаа. Сонгуулийн санал хураалтын хуудсыг “хар машин”-аар тоолдог. Гэвч гарсан үр дүнд нь нийтээрээ эргэлзэж, маргалддаг. Тиймээс давхар тоолох нь маргаан дагуулахгүй байхад нэмэртэй” гэв. Мөн сонгуулийн сурталчилгааг нийгмийн сүлжээнд хэрхэн явуулах талаар байр сууриа илэрхийлж, хэт нэг талыг барин, нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулах эрх ашгийг хаах нь зөв үү, буруу юу гэдгийг эргэж харах хэрэгтэй гэсэн юм. Ямартай ч сонгуулийг маргаангүй явуулахад анхаарах хэрэгтэйг онцлов. Түүнчлэн сонгуулийг 50:26 гэсэн тогтолцоогоор явуулах саналыг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан талаар Д.Эрдэнэбат “Нам тус бүрээс 26 хүн нэр дэвшиж, хамгийн олон санал авсан нь УИХ-ийн гишүүн болно гэж тооцвол жижиг намынханд сонгогдох боломж тун ховор. Харин үлдсэн 50
нь жижиг тойрогт нэр дэвшинэ гэсэн үг. Улс нэг тойрог болж, хамгийн олон санал авсан 26 гишүүн нь УИХ-д сонгогдоно гэвэл жижиг 76-гаас зарчмын хувьд ялгаа байхгүй. Нам тус бүрийн авсан саналд хэдэн суудал ногдохоор нь нэр дэвшсэн хүмүүсээ эрэмбэлнэ гэсэн үг. Ийм тогтолцоогоор явбал жижиг намууд УИХ-д суудалтай болох магадлал нэмэгдэнэ. Парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Ардчилсан парламенттай орны хувьд улс төрийн үйл ажиллагааг олуулаа хэлэлцэж, шүүх зарчмаар зөв санал, дүгнэлтэд хүрэх ёстой. Энэ нь нээлттэй бөгөөд хамгийн сонгодог хувилбар учраас үүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах санал гаргасан ч дэмжээгүй. Гэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын байр суурь хэвээрээ байгаа” гэв.
Тус зөвлөлийнхөн улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь зөв гэсэн байр суурьтай буй аж. Жижиг тойргийн сонгогчид гурил, будаа мэтийн элдэв зүйлд “хууртдаг” үзэгдэл буурахгүй байгаа гэнэ. Түүний хэлснээр хэрэв улс нэг том тойрог болж, пропорциональ тогтолцоонд 100 хувь шилжсэн бол иргэдийн саналыг худалдаж авдаг үзэгдэл буурах байжээ.
Мөн сонгуулийн сурталчилгаа явуулах хугацааг нэмэх саналыг АН-ын зөвлөлөөс дэвшүүлсэн байна. Нэг аймаг дунджаар 15-25 сумтай. Тухайн нэр дэвшигч 20 сумтай аймагт 18 хоног сурталчилгаа хийж амжихгүй гэж тэд үзсэн учраас сурталчилгааны хугацааг багадаа 25 хоног болгох шаардлагатай аж. Урьд нь сурталчилгааг 40- 50 хоног үргэлжлүүлдэг байсныг багасгасан (18 хоног) нь зөв ч гэлээ хэтрүүлсэн гэдгийг Д.Эрдэнэбат онцолсон. Богино хугацаанд сурталчилгаа явуулж буй нь залуу нэр дэвшигч өөрийгөө таниулах боломжийг үгүйсгэсэн хэрэг гэнэ. Хугацааг энэ хэвээр үлдээх нь шударга бус гэж АН-ын зөвлөл үзжээ.