Төсвөө баталж, түүхэнд сайн, муугийн алинаар нь тодорч үлдэхийг өнөөдөр эс хэлж мэдэх нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулчихсан эрх баригчид одоо сонгуулийн тогтолцоогоор оролдох л дутуу байна. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, энэ талаар ярилцсан гэнэ. Улмаар 2020 оны сонгуулийг 50:26 гэсэн мажоритар хувилбараар явуулах саналыг УИХ дахь бүлэгтээ оруулахаар тогтсон сурагтай. Өөрөөр хэлбэл, 50 гишүүнийг жижиг мажоритар тойргоос сонгож, үлдсэн 26-г нь улс-нэг тойрог хэлбэрээр тодруулах гэсэн санаа нэгэнт ил болов. Улс-нэг тойрог хувилбарт багтах 26 суудлын тухайд тодруулбал, улс төрийн нам тус бүр мөн тооны нэр дэвшигч бүхий жагсаалт гаргана гэсэн үг.
Ингээд нам тус бүрийн 26 нэр дэвшигчийг нийт сонгогчийн хэчнээн нь дэмжиж, саналаа өгснийг Сонгуулийн ерөнхий хороо бодож, тооцох бөгөөд түүнд харгалзах хувиар 26 суудлаа хуваарилна гэсэн үг. Багийн “оноо” нийт сонгогчийн 50 хувийг эзэлсэн байлаа гэхэд 26 суудлын тал нь буюу 13 нь тухайн намд ирэх жишээтэй. Гэхдээ жагсаалтын эхний 13-т бичигдсэн эрхмүүд шууд УИХ-ын гишүүн болчихно гэсэн үг бас биш. Холимог тогтолцооны хүрээнд үүсгэж байсан намын жагсаалтаас өөр. Өөрөөр хэлбэл, сонгогч 26 нэр дэвшигчээс хэнийг нь УИХ-ын гишүүн болгохоо нэр заан сонгох тул багаасаа хамгийн олон санал цуглуулсан нь парламентад түмнийг төлөөлөх эрхтэй болно. 2012 оны сонгуулиар бид намын нэрийн өмнөх тоог дугуйлж байсан бол энэ удаа дэвшүүлсэн хүнд нь саналаа хайрлана. Тэгэхээр танай тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс мандатынхаа тоогоор сонгохоос гадна намуудын санал болгох жагсаалттай нүүр тулахаар байна.
Гэхдээ энэ бол эрх баригч намын удирдах дээд байгууллагын түвшинд биежсэн санал. Өмнөх шиг Удирдах зөвлөлөөс танилцуулсан саналтай яв цав нийцэх шийдвэрийг УИХ дахь олонхын бүлэг гаргана гэдэгт тэгтлээ найдах хэрэггүй. Хамгийн ойрын жишээ дурдахад л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд АН-тай зөвшилцөж, тэдний тавьсан гурван саналын нэг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой байсан. Мажоритар, эсвэл холимог тогтолцоог Үндсэн хуульд хуульчлах, эсэхэд МАН-ын гишүүд санал нэг байгаагүй нь зөвшилцлийг удаашруулах нэг шалтгаан байсан гэхэд болно. Тиймээс өнөөдөр товлосон бүлгийн хуралдаанаар ямар шийдвэр гаргахаас дараа жилийн сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь хамаарахаар байна. Ташрамд дурдахад, МАН-ын нөлөө бүхий зарим гишүүн сонгуулийн тогтолцоог холимог хувилбараар зохион байгуулах санал гаргаад буй сурагтай. Тодруулбал, 16:60 буюу 60 нь жижиг мажоритар хувилбараар, 16-г улс даяараа том мажоритар хэлбэрээр сонгох санал гаргаад байгаа гэнэ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн үеэр цухалзсан эл санаа нь төдийлөн дэмжлэг авахааргүй байгаа бололтой.
Юутай ч манай шийдвэр гаргагчид, тэр дундаа МАН-ынхан мажоритар тогтолцоонд хайртай. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших долоон удаагийн сонгуулиас цор ганцыг нь мажоритар, пропорциональ (хувь тэнцүүлсэн) хувилбарын холимог хэлбэр буюу 28 гишүүнийг намын жагсаалтаар, 48-ыг нь олон мандаттай мажоритар тойргоос сонгож хийсэн байдаг. Олон мандаттай мажоритар тогтолцоо буюу томсгосон 26 тойрогтойгоор явуулсан 2008 оны сонгуулиар 46 суудал авч, олонх болсон Ардын намынхан (тухайн үеийн МАХН) дээрх холимог хувилбарыг хуульчилсан. Гэвч АН-аас 35 гишүүн сонгогдож, 10 суудал авсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран “шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулснаар МАН сөрөг хүчин болсон. Сонирхолтой нь, АН-ынхан өнгөрсөн парламентын бүрэн эрхийнхээ хугацааны туршид холимог хувилбар дэвшүүлж байсан ч 2016 оны сонгуулийн өмнөхөн “Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн” гэх шалтгаанаар байр сууринаасаа ухарч, нэг мандаттай мажоритар тогтолцоо буюу 76 тойрогт сонгууль явуулах эрх зүйн орчин бүрдүүлснээр өнөөгийн үнэмлэхүй олонхыг гаргаж ирсэн.
Мэдээж үе үеийн эрх баригчид сонгогчдын санаа бодол, тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан өөрсдөдөө давуу байдал үүсгэхийн тулд сонгуулийн тогтолцоогоор оролддог байж таарна. Тиймгүй бол долоон удаа сонгууль явуулахдаа тогтолцоог нь таван удаа өөрчлөхгүй байсан биз. 1996, 2000, 2004 онд л тогтолцоогоор оролдолгүй, нэг мандаттай 76 тойрогт сонгууль явуулсныг эс тооцвол байнга өөрчилж ирсэн. Өнөөдөр ч энэ үйл явц давтагдах гэж байна. Гэхдээ мажоритарыг мажоритар хувилбараар солих тухай яриа л өрнөх нь бололтой. Яг таван сарын өмнө улс-нэг тойрог буюу нам тус бүр улсын хэмжээнд 76 нэр дэвшигч сойх мажоритар хувилбарыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгээс санал болгосон. УИХ-ын даргын захирамжаар бараг хоёр жилийн өмнө байгуулсан эл ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан тогтолцооны дөрвөн хувилбарыг судалж байж улс-нэг тойрог хэлбэрт тогтсоноо тухайн үед тайлбарлаж байсан юм.
Тэдгээр нь мөн л бүгд мажоритар хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид анхнаасаа хувь тэнцүүлсэн, эсвэл мажоритар тогтолцоог огт тоож, авч үзээгүй хэрэг. Улсаараа нэг тойрог болж, намууд тус бүр 76 нэр дэвшигч илгээж, улмаар нийтдээ бараг мянга руу ч дөхөж мэдэх нэр дэвшигчээс сонгогч нэг л нэр дугуйлах улс-нэг тойрог хувилбарын давуу талыг Л.Энх-Амгалан дарга “Сонгуулийг тойргоор явуулснаар хөрөнгө оруулалтыг хувааж, эдийн засгийг сулруулж ирсэн. Тиймээс 76 гишүүн нэг тойрогт ажиллах нь зүйтэй гэж санал нэгдсэн” хэмээн тайлбарлаж байв. Харин судлаачид “Улс-нэг тойрог тогтолцоогоор явбал улс төрийн намууд үндэсний хэмжээний бодлого ярих байх. Энэ талаасаа сайн үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Бусад асуудалд ямар ч ахиц гарахгүй. Ялангуяа бидний сүүлийн үед ярьж буй улс төрийн санхүүжилтийг эрүүлжүүлэх, намын төлөвшил, сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах гэх мэтийн асуудлуудын шийдэл ухарна. Бидэнд тулгамдсан асуудлуудыг шийдэх үү гэдэг талаас нь харвал энэ сайн хувилбар биш. Харин парламентад суусаар олонд танигдсан нөлөө бүхий, хуучинсаг улстөрчид, популистуудад ашигтай хувилбар байх” хэмээн эсэргүүцэж байв.
Ийнхүү холимог хэлбэрээс татгалзсан МАН-ынхны хувьд мажоритар тогтолцооны гурван хувилбараас хийх сонголттой нүүр тулаад байна. Ажлын хэсгээс дэвшүүлсэн улс-нэг тойрог, Удирдах зөвлөлийн санал болгож буй 50:26 хэлбэр болон 76 жижиг тойрогт явуулах одоогийн хувилбарын аль нэгийг хуульчилж таарах нь. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн хэлснээр тэд боловсруулсан төслийнхөө талаар Засгийн газраас санал авсан юм билээ. Гэхдээ Засгийн газар зөвхөн зохион байгуулалттай холбоотой зүйл, заалтуудын хүрээнд л санал өгсөн аж. Өөрөөр хэлбэл, тэдний дэвшүүлсэн улс-нэг тойрог хувилбарын тухайд ам нээгээгүй хэрэг. Угтаа ажлын хэсгийнхнээс арай өөр хувилбар дэвшүүлж буй Удирдах зөвлөлд өдгөө хамгийн нөлөө бүхий хүн нь Засгийн газрын тэргүүн шүү дээ. Юутай ч чухам аль хувилбарыг нь сонгох вэ гэсэн шийдэл нь энэ сарын 20-д гэхэд тодорхой болчихно. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг долдугаар сар гарахаас өмнө буюу зургадугаар сарын 20 орчимд хийж ирсэн. Хуулийн дагуу ээлжит сонгуулийн санал хураалт болох өдрөөс зургаан сараас доошгүй хугацааны өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэхийг зөвшөөрдөг. МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж эдгээр хувилбарын талаар хэлэлцэж, ярилцана. Ажлын хэсгээс ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө өргөн барих сурагтай.