АНУ-аас ХБНГУ -д суугаа Элчин сайд Ричард Гренелл Германы Засгийн газар улс эх орныг нь доромжиллоо гэж мэдэгдсэн тухай "Deutsche Welle" агентлаг мэдээлэв. Элчийн сайдын ийнхүү хурц мэдэгдэл хийх болсон шалтгаан нь ХБНГУ-ын Эдийн засаг, Эрчим хүчний сайд Питер Алтмейер харилцаа холбооны системийн талаарх мэтгэлцээнд оролцох үеэрээ АНУ-ыг Хятад улстай зүйрлэсэн явдал байв. Германы Засгийн газрын гишүүний хэлсэн уг зүйрлэлийн "Германы аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаа мянга мянган Америкийн цэргийн албан хаагчдыг доромжилсон хэрэг" гэж Элчин сайдын мэдэгдэлд онцолсон байна. Түүгээр ч зогсохгүй “Өрнөдийн орнуудын хүчирхэг холбооны төлөө байгаа Америкийн сая сая иргэдийг доромжилсон” гэж Гренелл үзжээ. Хятадын Хятадын "Huawei" компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг 5G сүлжээнд ашиглах нь өрнөдийн орнуудын чухал өгөгдлийг нууцаар Хятадын тагнуулын албад руу дамжуулдаг байж болзошгүй гэсэн үндэслэлээр АНУ-ын өөрийн холбоотнуудаасаа тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалж, шаардаж байгаа. Гэтэл Петер Алтмайер мэтгэлцээний үеэр Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд, түүний дотор Германы канцлер Ангела Меркелийн утасны яриаг хууль бусаар чагнаж байсан дуулианыг сануулсан байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь харилцааны холбоотой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаасаа алан хядлагатай тэмцэх нэрийдлээр хэрэглэгчдийн хувийн нууц мэдээллийг дамжуулж байхыг шаарддаг гэдгийг бас онцолжээ. Германы засгийн газрын гишүүн АНУ-ын элчин сайдын ууртай мэдэгдлийн дараа өөрийн үгээ буцаахгүй гэдгээ мөн мэдэгджээ. Тэрээр энэ талаар "Bild" сонинд ярилцлага өгөхдөө "Би АНУ ба Германы улс төрийн системийг хэзээ ч нэг адил түвшинд тавьж байгаагүй. Хувийн нууцтай холбоотой өгөгдлүүдэд тоног төхөөрөмж хаанаас орж ирснээс үл хамаараад аюулгүй байдлын дээд зэргийг стандарт шаардлагатай гэдэг нь надад илэрхий байна" гэжээ. Уг шуугианы гол суурийг ирэх 3-р сард Германы Сүлжээний агентлаг 5G гар утасны давтамжийг зарж эхлэх бөгөөд дуудлага худалдаанд тус улсын дөрвөн үүрэн холбооны оператор оролцох болсон явдал байв.