Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ёсчлон баталгаажуулав.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүний энэ оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ 36 удаа 105.9 цаг хэлэлцэн, энэ сарын 14-нд баталсан. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн юм.
1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш хөндөж, УИХ-ын гишүүд дөрвөн удаа төсөл өргөн барьж байв. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлсэн алхам болсныг Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын үеэр онцлов.
Хэдийгээр энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохоос эхлээд олон зүйлсийг орхигдуулсан ч улс орны эрх ашиг, үндэсний эв нэгдлийг эрхэмлэх үүднээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлох нь зөв хэмээн үзсэнээ Ерөнхийлөгч дурдлаа.
Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчлов. Ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.