Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “Big bowling friendship-2019” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн финалын тоглолт өчигдөр “Big bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Нийт 30 эрэгтэй, 10 эмэгтэй буюу нийт 40 тамирчин, 10 баг оролцсон тус тэмцээнд баг болон ганцаарчилсан тоглолтонд өмнө нь авсан оноогоор нь шилдэгүүдийг эрэмбэлж, хэсэгт хуваан шалгарсаныг нь халз өрсөлдүүлэн аваргаа тодруулсан юм.
4 дэх жилдээ зохион байгуулж буй уг лигийн багийн төрлийн аваргын цомыг энэ удаа Х.Хишигбат ахлагчтай Б.Тамир, Э.Энхбаатар, С.Ганзориг нарын баг анх удаа өргөж, алтан медалиар энгэрээ мялаалаа. Мөнгөн медалийг Ц.Молор ахлагчтай Б.Мягмарцэнд, Ц.Оюунжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын баг, хүрэл медалийг Б.Оюунболд ахлагчтай Т.Долгормаа, Э.Отгонбаяр, Ю.Ганболд нарын баг хүртсэн юм.
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын цом, алтан медалийг “Strikes” клубын Ж.Цэвэгмид, мөнгөн медалийг “Winners” клубын Ц.Молор, хүрэл медалийг мөн клубын Д.Мурат нар хүртлээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын цом, алтан медалийн эзнээр “Strikes” клубын Ш.Гэрлээ, мөн клубын мөнгөн медалийг Т.Долгормаа, хүрэл медалийг “Winners” клубын Э.Хунтогос нар шалгарав.
12 дугаар сарын 7, 8-нд энэ жилийн боулингийн лигийн отгон тоглолтууд явагдана. Тус тэмцээнээр баг, тамирчдыг өнөө жил авсан бүх оноогоор нь эрэмбэлж хэсэгт хуваан хасагдах журмаар өрсөлдүүлэх юм байна.