Нью-Йорк хотын захирагч асан тэрбумтан Майкл Блумберг АНУ-ын Ерөнхийлөгчийн ирэх жилийн сонгуульд өрсөлдөх болсноо өчигдөр /2019.11.24/ албан ёсоор мэдэгдэв. “Би Доналд Трампыг ялж, Америкийг дахин бүтээхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. Блүүмберг өөрийнх нь "бизнесийн болон удирдлагын мөн буяны үйлс дэх онцгой туршлага" түүнийг ялалтад хүртэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчилсан намын сунгаанд М.Блумберг нэгдсэнээр тус нам доторх нэр дэвшигчдийн тоо 18 болж байгаа юм байна. Блумбергийн кампанит ажил нь эдийн засаг, эрүүл мэнд, цагаачлал, боловсрол, олон нийтийн газар гал нээхийг урьдчилан сэргийлэх зэрэг асуудлуудад төвлөрнө гэж түүний сонгуулийн өмнөх штабын албан ёсны сайтад нийтэлсэн байна.Түүний зөвлөх Говард Вильсон “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа Блумберг сонгуулийн кампанит ажлаа ямар ч хандив хүлээн авахгүйгээр зөвхөн өөрийн санхүүжилтийг ашиглан явуулахыг мэдэгдэв. Хэрэв Блумбер сонгуульд ялах юм бол тэрээр ерөнхийлөгчийн цалингаас татгалзан жилд зөвхөн 1$ доллар авна гэж түүний зөвлөх ярьжээ. “The New York Times" сонинд бичсэнээр Блумберг 20 орчим мужид сурталчилгааны бичлэг үзүүлэхэд 35 сая доллар зарцуулсан байна. Тус сонины тооцоолсноор тэрээр эдгээр хэрэгцээнд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших гэж буй бусад улс төрчдөөс хамаагүй илүү мөнгө зарцуулахад бэлэн байгаа аж. Өдгөө 77 настай М.Блумберг 2002-2013 оны хооронд Нью-Йорк хотын даргын албыг хашиж байжээ. Тэрбээр санхүүгийн мэдээллийн "Bloomberg" агентлагийг үүсгэн байгуулагч төдийгүй буяны үйлстэн гэдгээрээ алдартай билээ. Тэрбээр АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг бөгөөд “Forbes” сэтгүүлээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлснээр 55.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын есдүгээрт бичигдсэн байна.