УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилохыг нийт гишүүдийн 76.2 хувь нь дэмжлээ.
Бядрангийн Лхагвасүрэн нь 2013 оноос эхлэн Хадгаламжийн Даатгалын Корпорацийн Гүйцэтгэх захирал, 2002 оноос одоог хүртэл Санхүүгийн Зохицуулах хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна. Б.Лхагвасүрэн нь 1993 оноос ажлын гараагаа Монголбанкны эдийн засагч, ахлах эдийн засагчаас эхэлсэн байна.
Улмаар 2013 он хүртэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх, Бүртгэл, Мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлын албан тушаалыг хашиж байсан банкны салбарын 20 гаруй жилийн арвин туршлагатай удирдах ажилтан юм.
Тэрээр 1989 онд Монгол Улсын Их Суруулийг Эдийн засгийн ухааны баклавр зэрэгтэй төгссөн. 1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын харилцааны магистр цол хамгаалсан. 2014 оноос Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилогдон ажиллаж байв.