Их эзэн Чингис хаан хоймрыг нь эзэлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөө тэхий дунд нь орших төв талбай. Жанжны хөшөөний зүүн урдхан талд цоо шинэ гэр барьчихаж. Алхан хээгээр эмжсэн цав цагаан бүрээстэй эл гэрийн үүд нь ширсэн эсгий. Эсгий үүдийг нь өөд хаясан энэ гэрийн үүдэнд гартаа янжуур барьсан өвгөн нарлана. Бохирч суугаа өвгөний гутал нь тоостой, энгэр нь задгай. Энэ бол гэрэл зурагчин Б.Баттөгсийн “Төртэй улсын иргэн” хэмээх бүтээл. Уг зургийг хавтсандаа хэвлэсэн нэгэн ном өчигдөр уншигчдын гарт очлоо. Монголчууд бидний 1990 онд танилцсан ардчиллын бараг 30 жилийн дараах өнгө төрхийг илэрхийлэхийг зорьсон уг бүтээлтэй “Төртэй улсын иргэн” олон талаар хорших мэт санагдана.
“Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт (1990-2019)” хэмээх эл номыг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Улс төр коммуникацийн хүрээлэнгийн судлаачид хамтран бичиж, ХБНГУ-ын “Конрад Аденаур” сангийн дэмжлэгээр хэвлэжээ. Уг хамтын бүтээлийн бүлэг тус бүр дэх дэд хэсгүүдийг үндэсний залуу, дунд үеийн өмнөө барих судлаачид бичсэнийг нээлтийн ёслолд оролцсон олон хүн онцолно лээ. Тодруулбал, улс төр судлаач, эрх зүйч, эдийн засагч, социологич, сэтгэл зүйч зэрэг тус тусын мэргэжлийн салбартаа тогтмол, идэвхтэй судалгаа хийж, үр дүн, бүтээлээ дотоод, гадаадад хэвлүүлж, хэлэлцүүлж ирсэн судлаачид Монголын ардчиллын бэхжилт, төрийн эрх мэдлийн институтийн зарим асуудал, тэдгээрийн хөгжлийн өнөөгийн байдлыг хөнджээ. Ингэхдээ манай ардчиллын эдийн засаг, социал, нийгэм-сэтгэлзүйн олон талт өөрчлөлт, тулгамдсан асуудлыг бүлэг болгон авч үзсэн байгаа юм. Жишээ нь, ардчиллийн бэхжилт, төрийн эрх мэдлийн институтын зарим асуудлын хүрээнд Засгийн газрын тогтворгүй байдал, шүүх эрх мэдлийн зарим тодорхой асуудлыг хөндсөн нь сонирхолтой аж.
Нээлтийн үеэр судлаачид өөр өөрийн хөндсөн сэдвээ товч танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөг, түүнээс Засгийн газрыг огцруулахад үзүүлж буй нөлөөний талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат бичжээ. 1992 онд одоогийн Үндсэн хуулийн төсөлд зуун хувь парламентын тогтолцоотой байх үзэл баримтлал тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийн засаглалын зарим элементийг “шургуулснаар” хагас Ерөнхийлөгчийн гэгддэг өнөөгийн өнгө төрхийг олох суурь тавигдсаныг тэрбээр оршил болгов. Юутай ч сүүлийн 30 шахам жилд Засгийн газруудын оршин тогтносон хугацааг тооцоход тэд дунджаар бүрэн эрхийнхээ талд нь ч хүрэхгүй буюу 49 хувьд нь ажилласан байх аж. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрууд ихэвчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа огцорч буй нь ажиглагджээ. Уг нь Үндсэн хуульд зааснаар Засгийн газар огцрох дөрвөн үндэслэл бий.
Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас доошгүй нь огцрох, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг, эсвэл Ерөнхийлөгч ийм санаачилга гаргасан бол гүйцэтгэх засаглалын хувь заяаны талаар ярих үндэслэл болдог. Өнгөрснийг харвал, 2009 онд Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг эс тооцвол Засгийн газрын тэргүүн нь ажлаа өгсөнтэй холбоотойгоор огцорсон өөр тохиолдол үгүй аж. Мөн 1996, 2006 онд Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорсноор танхимаараа унаж байжээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилгаар 1998 онд хоёр удаа, 2007, 2014, 2017 онд Засгийн газрыг огцруулсан нь гүйцэтгэх засаглалаа унагасан хамгийн олон үндэслэл болж байна. Харин аль ч Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал албан ёсоор гаргаж байгаагүй ч уг үйл явцад Төрийн тэргүүний оролцоо ямагт байсныг судлаач О.Машбат онцлов.
Мөн тэрбээр “олонхын цөөнх” гэх нэр томьёог олонтоо дурдаж байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үр дүнд олонх болж, Засгийн газраа байгуулсан намынхан нь өөрсдөө, дотроосоо Ерөнхий сайд, түүний танхимыг унагаж иржээ. Тиймээс УИХ-д нэг нам 70-аас дээш суудал аваагүй тохиолдолд Засгийн газраа унагах эрсдэл бодитой оршиж буй гэж үзэж байна. Үндсэндээ тэрбээр УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль нэг жилийн зайтай болж байгаа нь Засгийн газрын тогтворгүй байх анхдагч нөхцөлөөр нэрлэсэн юм. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор хуульчилсан нь багагүй найдлага төрүүлж буй талаар дурдлаа. Үүний зэрэгцээ Засгийн газрыг огцруулах дээр дурдсан дөрвөн үндэслэлээс зөвхөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь санаачилга гаргахтай холбоотой заалтыг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үлдээсэн нь гүйцэтгэх засаглалыг тууштай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.
Мөн тус бүтээлд шүүх эрх мэдэл дэх шүүхийн захиргааны асуудлыг МУИС-ийн Хуулийн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан дэд бүлэг болгон хөнджээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анх шүүх эрх мэдэл, Цэцтэй холбоотой нэлээд асуудал хөндсөн ч цөөнгүй нь хасагдаж, хоёр тодорхой зохицуулалт үлдсэн. Нэлээд бартаа саад туулж нэгэнт батлагдсан тул тунаж үлдсэн зохицуулалтыг чамлахаар чанга атгах нь зүйтэйг ч хэлж байв. Юутай ч шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчид давамгайлж, хэн дарга байхаас шалтгаалан ихээхэн нөлөөлж ирснийг сая баталсан нэмэлт, өөрчлөлт хязгаарлаж чадна хэмээн найдаж буй аж.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд зургаа, гурван жилээр бүрэн эрхийн хугацааг нь хуульчилж ирсэн ШЕЗ-ийн гишүүдийг дөрвөн жилээр томилохоор болсон. Мөн л 1993 оноос хойш 12, 14, таван гишүүнтэй явж ирснийг нэг мөр болгон Үндсэн хуульд зааж, арван гишүүнтэй байхаар болж буй. Тэдний тав нь шүүгч байхаар хуульчилж, даргыг нь Ерөнхийлөгч бус, өөрсдөө дотроосоо сонгохоор болсон нь шүүхийн захиргааны байгууллагын хараат бус байдлыг хангана хэмээн тооцжээ. Мөн ШЕЗ-өөс Шүүхийн сахилгын хороо буюу шүүгч нарт хариуцлага тооцох эрх мэдлийг салгаж байгаа. Юутай ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан батлах учиртай 30 орчим хуулийг одоо сайтар боловсруулах нь маш чухал болохыг тэрбээр онцолсон.
Энэ мэтчилэн судлаач тус бүрийн бие даан бичсэн дээрх тодорхой дэд асуудлууд бүхий эл хамтын бүтээл нь Монгол дахь ардчиллын хөгжлийг цаашид улам олон талаас нь судлах чухал санаачилга болох биз ээ.