Засгийн газрын хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, нэр бүхий 22 аж ахуйн нэгжид Засгийн газраас үүрэг болгов. Мөн импортын хувь, нэр, төрөлд үндэслэн шатахууны нөөцийн хэмжээг 133 000 тонн байхаар шинэчлэн тогтоолоо. Энэ онд А-80 шатахуун 6000, Аи-92 шатахуун 35 500, дизелийн түлш 71 750, ТС-1 онгоцны түлш 3500 тоннын нөөцтэй байлгах үүргийг 26 аж ахуйн нэгж хүлээсэн. Нийт нөөцийг 116 550 тонноос доошгүй хэмжээнд барьж буй аж. Өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сарын хооронд аж ахуйн нэгжүүд 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
БИЧИГТИЙН БООМТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ БОЛОВ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-8-нд Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан. Тус аймгуудад хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай танилцсаны дараа Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Уртаар дайруулах асуудлыг судалж, шийдвэрлэх болов. Мөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх, эх үүсвэрийн нөөцөө дотоодоос хангах хүртэл тус боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах боломжтой, эсэхийг судалж шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэгдэв. Тус боомт орчимд засаг захиргааны нэгж (баг) байгуулахыг судалж, шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа. Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсэж байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар саармагжуулан устгах, хугацаа нь дууссан химийн бодисыг устгах, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийж, ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт Ерөнхий сайд үүрэгдэв.
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ГАРЫН ҮСЭГ ЗУРНА
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын төслийг санхүүжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо. Тус чиглэлийн хоёр эгнээтэй авто замыг дөрөв болгон өргөтгөх юм. 202 км хатуу хучилттай зам тавих шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сард гаргасан билээ. Үүнд зарцуулах 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил байх аж.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭД ХЭДЭН ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨХ НЬ
Мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан, боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийн хэд хэдэн заалтыг өөрчлөн найруулах саналыг холбогдох хүмүүст уламжлах нь. Тухайлбал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчныг сайжруулах, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад зориулж бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаагаар олгох, орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг санал болгожээ.
ТУВА, ХОНКОНГ, САН-ФРАНЦИСКОД ЕРӨНХИЙ КОНСУЛ ТОМИЛЛОО
Монгол Улсаас Бүгд Найрамдах Тува Улсад суух ерөнхий консулаар Ч.Ганболд, Хонконгод суух ерөнхий консулаар Г.Жаргалсайхан, АНУ-ын Сан-Франциско хотод ерөнхий консулаар Б.Ургамалцэцэг нарыг томилжээ. Ч.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр гэдэг нь нэлээд анхаарал татаж, шүүмжлэлд өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор ахыгаа ерөнхий консулаар томилогдоход нөлөөлөөгүй гэдгээ Сангийн сайд илэрхийлээд амжив. Юутай ч Ч.Ганболд нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Мөн Г.Жаргалсайхан нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газар болон Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан аж. Мөн Б.Ургамалцэцэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан бөгөөд дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилогдож байсан юм.