Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг танилцууллаа.
Байгаль орчны тухай хуульд зөрчил, давхардал бий, эсэхийг судлан, 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдэл байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцлов. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах, Зөрчлийн зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Шонхор шувуу агнах зөвшөөрлийг яаж олгодог юм бэ. Манай тойргийн сумдаар өнгөрсөн жил оготнын нүүдэл дайрсан учраас шонхор их байсан. Улмаар шонхор барихаар машинтай хүмүүс олноор очиж, бэлчээр сүйтгэх боллоо. Нэг багт 70-80 машинтай хүн ирж, 5-6 аймаг дамжин шонхор агнаж байна. Үүнийг хэрхэн хянаж, зохицуулдаг вэ.
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат:
-Шонхорыг Монгол Улсын бахархалт шувуу болгосноос хойш соёлын болон бэлэглэлийн зориулалтаар, Арабын хойгийн орнуудтай харилцаагаа сэргээхийн тулд шонхор барих зөвшөөрөл олгож байгаа. Манай оронд 13 000 орчим шонхор байгааг өнгөрсөн оны тооллогоор тогтоосон. Түүнээс 400 орчмыг нь агнахад популяцад сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд шонхор агнах квотыг Засгийн газраар хуралдаанаар баталсан. Шонхор барихдаа ашиглах автомашины тоо хязгаартай. Ганц сумд тор тавиад шонхор барих боломжгүй учраас сум дамжин ан хийхийг зөвшөөрдөг юм.
Бэлчээр сүйтгэхтэй холбоотой буруу мэдээлэл байна. Монголд бэлчээрийн даац хэтрээд 10 гаруй жил болсон. 120 гаруй сая толгой (хонин толгойд шилжүүлсэн тоогоор) мал Монголын газар нутагт бэлчиж байна. Энэ бол зэрлэг амьтныг оролцуулахгүйгээр гаргасан тоо. Бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд малын тоо толгойг багасгаж, түүхий эд боловсруулах үйлдвэрийг орон нутагт нь байгуулах хэрэгтэй. Хэрлэн гол дагуух 13 сумд малын хөлийн тооллого хийсэн. Тэндхийн нэг сумд гэхэд малын тоо 14 жилийн өмнөхөөсөө дөрөв дахин өссөн байгаа. Тиймээс бэлчээрийн доройтлыг хамааралгүй зүйлтэй холбож, буруугаар тайлбарлаж болохгүй байх.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Ой нөхөн сэргээх, хамгаалах асуудал хаягдсан. Үүнийг засна гэж байнга ярьдаг. Ойн нөөц 13 хувьтай байсан нь одоо есөн хувь болсон гэх мэдээ байна. Ойн нөөц дууслаа. Монгол Улсад хэрэгжүүлж буй гадаадын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгө оруулалтын 0.1-0.5 хувийг байгалиа нөхөн сэргээхэд зориулдаг байхаар тусгавал бидний ажил бодитой урагшилна” гэв.
Ингээд санал хураалт явуулахад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн 81.8 хувийн саналаар дэмжин, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.
БОАЖ-ын сайдын танилцуулгад дурдсанаар сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимжин, бэлчээр, хөрсний үржил шимийн доройтол ихсэж, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас үүдэн цөлжилт хурдацтай явагдсан гэнэ. Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжсөн бөгөөд үүнээс 20.9 хувь нь нэн хүчтэй доройтсон аж. 49 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэн цөлжсөн хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг өнгөрсөн онд улсын хэмжээнд хийснээ салбарын сайд тодотгов. Тодруулбал, нийт газар нутгийн 24.3 мянган га газар эвдэрч, уул уурхайн олборлолт явуулсан 1491 байршилд 9.3 мянган га талбайг нөхөн сэргээлгүй орхижээ.
Мөн байгаль орчны салбараас сүүлийн гурван жилд дунджаар 77.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, байгаль хамгаалахад 10.2 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.
Бэлтгэсэн: Г.Жавхлан