ХӨНГӨН АТЛЕТИК
“Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван цагариг” сонин “Токио хүрэх зам” цуврал эхлүүлсэн. Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай уг цувралаараа спорт сонирхогчдод танилцуулж байгаа билээ.
Монголын хөнгөн атлетикийн тамирчид 1964, 1968, 1972, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпын наадамд оролцож байсан. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг.
Зай, төрөл бүр хугацаа, хэмжигдэхүүнтэй болохоор бүх зүйл тодорхой. Манай тамирчид өнөөдрийн байдлаар марафон гүйлтээр нэг эрх аваад буй. Энэ эрхийг марафонч Б.Мөнхзаяа авсан. Өнөөгийн Монголын хөнгөн атлетикчдаас марафон гүйлтээс бусад зай, төрөлд олимпын норматив биелүүлэхэд тун хол.
Харин марафонд бол манайхан эрхээ авч сүүлийн хэдэн олимпод оролцсон. “Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд хоёр цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд хоёр цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид оролцох эрхтэй. Манайх нэмээд 1-2 эрх авах болов уу.
УСАНД СЭЛЭЛТ
Монголын усанд сэлэлтийн тамирчид “Сидней-2000” олимпын наадмаас хойш тасралтгүй таван олимпод урилгаар оролцоод буй. “Токио-2020” олимпод ч оролцох магадлалтай.