Хичээлийн шинэ жил эхэлж, хот сая л нэг “амь оров уу” гэлтэй бужигнаж байна. Тэр хэрээр хаа сайгүй бухимдал, түгжрэл. Иргэдийн бухимдлыг “өрдсөн” нэг асуудал нь автобусны хомсдол. Уг нь нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас энэ намар ачаалал ихтэй чиглэлд явах тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмлээ хэмээсэн. Үүнд Хайлааст, Баянхошуу, “ДЦС-3”, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, III, IV хороолол, Зайсан, Дэнжийн мянга, Нисэх, Долоон буудал, Зунжин, Шархад, Таван шар, Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, Улаан хуаран гэх мэтээр манай хотын тээврийн бараг бүх гол чиглэл багтсан. Автобусны тоо үнэхээр нэмэгдсэн, эсэхийг мэдэхгүй ч бодит байдалд бол нийтийн тээвэр хүрэлцэхгүй хэвээр байна.
Арайхийн ирсэн, “азаар” зогссон автобусанд хичээл, ажлаасаа хоцрохгүйг хичээсэн хүмүүс аргагүйн эрхэд чихэлдэн байж орно. Үүний дараа жинхэнэ “дайн” эхэлнэ. Мэдээж зам түгжрэлтэй учир пиг дүүрэн хүнтэй автобусанд удаан зогсож таарна. Хувцас хунар авах зүйлгүй, гутал бол шавхай дээр гишгэсэн мэт болно. Бие муутай зарим нь ухаан алдах энүүхэнд. Угаасаа хүрэлцдэггүй автобусны тоог амралтын өдрүүдэд улам цөөрүүлж, иргэдийг хүлээлгэнэ.
Нийтийн тээврийн хэрэгсэл ийн нүдний гэм болсон шалтгаан юу вэ. Уг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 900 орчим тээврийн хэрэгсэл явуулдаг юм байна. Үүний 90 гаруй хувь нь том оврын автобус. Энэ нь багагүй тоо мэт харагдавч хотын хүн амын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай харьцуулахад хаанаа ч хүрэлцэхгүй болсныг холбогдох албаныхан анхаараасай. Даарин дээр давс гэгчээр үйлчилгээнд явуулдаг автобуснуудын цөөнгүй нь жагсаалаас гарахад бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, олон жил ашигласан, стандартын шаардлага хангахаа больсон тул нийтийн тээврийн бараг бүх автобусыг актлахаас өөр аргагүй гэнэ.
Хотын автомашины тоо улам өссөөр, сүүлдээ давхих биш, мөлхөх хэмжээнд хүртлээ олширсны горыг Улаанбаатарын иргэн бүр мэднэ. Автомашинууд агаарын бохирдлын 10 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Өвөл гэр хорооллын утаа агаарын бохирдлын дийлэнхийг бүрдүүлдэг. Тээврийн хэрэгслээс ялгарах утаа нүүрснийх шиг суунаглан харагдахгүй боловч 365 хоногийн турш агаар бохирдуулна. Үүний зэрэгцээ нүүрснийхээс илүү хор хөнөөлтэй. Дээр нь “өндөр настай” машинууд замд түгжирч, мөлхөж ядан гэлдрэхдээ хэвийн хэмжээнээс харьцангуй их хүнд металл ялгаруулдаг. Тэр дундаа нийтийн тээвэрт явуулдаг том оврын автобуснууд бохирдлын (машины ялгаруулж буй утааны) талаас илүүг үйлдвэрлэдэг байна.
Уг нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5012:2011 гэсэн стандарт бий. Даанч үүнийг төдийлөн мөрддөггүй. Угтаа бол үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жил явуулаад ашиглалтаас гаргах ёстой байтал манайхан төрөлх нутагтаа хэдэн жил явсан нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл гадаадаас аваад түүнийгээ 12 байтугай жил ашигладаг. Найдвар тасраад замын голд таг зогсох хүртэл нь явуулдаг гэхэд ч хилсдүүлсэн болохгүй. Үүний уршгаар хотын төв замын дагуух нийт тоосонцрын 80 хувийг том оврын автобуснууд үйлдвэрлэх болжээ. Энэ мэт шалтгаанаар Улаанбаатарын иргэдийг хөл залгуулдаг автобуснуудын олонхыг нь актлах ёстой.
Нийслэлд нийтийн тээврийн 1793 хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 1043 нь том оврын автобус. Дээр дурдсанчлан тэдгээрээс өдөрт дунджаар 900 орчим нь үйлчилгээнд гардаг. Тэгвэл MNS 5012:2011 стандартыг хангаагүй, энэ онд актлахаас өөр аргагүй болсон автобус 213 бий гэнэ. Цаашлаад ирэх онд ашиглалтаас гаргах нь 142 байх жишээтэй. Тэгэхээр хотын нийтийн тээврийн хэрэгслийн тоо ирэх хоёр жилд 355-аар цөөрнө гэсэн үг. Түүгээр зогсохгүй 2021 онд 521, 2022 оноос хойш 307 автобус ашиглалтаас хасагдахаар байгаа гэсэн. Ердөө ойрын 3-4 жилийн дотор бараг бүх автобусыг акталж, паркаа шинэчлэх шаардлага тулгарсан аж. Өөрөөр хэлбэл, улаанбаатарчууд цөөхөн автобусанд шахцалдаж суух уу, эсвэл ашиглалтын шаардлага хангахгүй болсон, агаарын бохирдол үйлдвэрлэгчдийн хаясан утаанд хордон аж төрөх үү гэсэн хоёр сонголттой тулгарах нь.
Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хотын мээр С.Амарсайхан саяхан “Парк шинэчлэл дээр лизингийн компаниудтай хамтраад, аж ахуйн нэгжүүдээр өөрсдөөр нь хийлгэх, чиглэлийн сонгон шалгаруулалтыг дахин зарлах, шаталсан төлбөрийн систем нэвтрүүлэх зэргийг уялдаа холбоотой, гарц шийдэлтэй хийх ёстой” хэмээсэн билээ. Энэ мэтээр түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар хотын үе үеийн удирдлага ярьдаг. Гэсэн ч тэдгээр нь төдийлөн хэрэгжихгүй, агаарын замын автобус, метро гэх мэтээр мөрөөдөл төдийгөөр хязгаарлагдан үлддэг.
Зам хаах, автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах үедээ холбогдох байгууллагынхан “Та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлнэ үү” гэж мэдээлдгийг иргэн та санаж буй биз ээ. Гэтэл дарга нарын суу гээд байгаа нийтийн тээврийн хэрэгсэл нь хөл тавих зайгүй, ариун цэвэр гэж авах юмгүй. Зуны халуун, өвлийн хүйтэнд агааржуулагч ажиллуулдаг нь хэд билээ. Ийм байхад иргэд яаж ийгээд өөрийн гэсэн унаатай болж, замын түгжрэлд хувь нэмрээ оруулахаас өөр сонголтгүй болж байна. Уг нь хотын нүүр царай нь нийтийн тээвэр юм билээ.
Бэлтгэсэн: М.Оч