Хөрсний бохирдол ундны усанд нөлөөлснөөр чанарын шаардлага хангахгүй болж, тэр ч бүү хэл, хөгц, мөөгөнцөр, гэдэсний халдварт өвчин үүсгэх аюултай гэсэн мэдээлэл нийслэлчүүдийн санааг зовоогоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ундны усанд хордож, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан иргэн цөөнгүй. Үүний нэгэн жишээ нь, энэ оны хоёрдугаар сард Зайсан дахь KFC түргэн хоолны салбараас хүмүүс хордсон шалтгааныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ундны устай холбон тайлбарласан.
Тодруулбал, дээрх түргэн хоолны газрын ашигладаг ундны усны эх үүсвэрээс дээж авч шинжлэхэд нян, бичил биет зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт өндөр, химийн үзүүлэлтээр нитритийн бохирдолтой гарсан тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар мэдээлсэн. Тэгвэл олон судлаач ундны усны чанар муудсаныг хөрсний бохирдолтой холбон тайлбарладаг. Хөрсний бохирдол ундны усны чанар, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжиллаа.
1982 оноос хойш 36 жилийн турш хөрсний бохирдлын талаар судалсан АНУ-ын эрдэмтэн Марк Гольц “Улаанбаатарын хөрс бохирдоход нүхэн жорлон, муу усны нүх онцгой үүрэг гүйцэтгэж байна” хэмээн нийслэлчүүдэд сэрэмжлүүлсэн. Үүнээс болж гүний ус бохирдож, өвчин, эмгэг үүсэх урьдач нөхцөл бүрдүүлдэг талаар тэрбээр сануулсан байдаг.
Улсын хэмжээнд ус түгээх 600 гаруй худаг бий. Үүнээс 300 гаруй нь төвийн шугам сүлжээнд холбогдсон бол үлдсэн нь зөөврийн ус түгээж, хэрэглэгчдэд нийлүүлдэг. Төвлөрсөн системээс ус авдаг 520 мянган хэрэглэгч улсын хэмжээнд байгаагийн 47 хувь нь зөөврийн худгаас хэрэгцээгээ хангадаг аж. “Цайз”, “Монел”-ын гудамж гээд гэр хорооллын усан санд ус зөөж хүргэж, түгээдэг. Нэг машин өдөрт дунджаар таван тонн ус хүргэдэг. Их борлуулалттай нь 15 тонн буюу гурван машин ус түгээдэг юм байна. Дээрх 600 гаруй ус түгээх байр чанарын шаардлагад нийцсэн усаар иргэдийг хангаж байгаа, эсэхийг УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Хөрсний бохирдол ундны усанд нөлөөлж байна хэмээн иргэд ам уралдан ярих болсон. Гүний худгуудыг ажиллуулахыг болиул, гэдэг. Дөлгөөн нуурын дэргэд байрлах гүний худгийг ажиллуулахаа больж буулга гэсэн санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг. 1990-ээд оноос хойш 100 айл орчимд хятадууд амьдарч, одоо бүтээн байгуулалт хэмээн барилгын ажлын талбар болсон тухайн худгийн орчимд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, дахин сэргэхээргүй болсон. Ийм газарт байрлах гүний ус хүний биед хоол болохоосоо илүүтэй хор, аюул учруулна гэж иргэд дургүйцлээ илэрхийлдэг. Гэвч тэр худаг нь нийслэлийн хамгийн том буюу 800 мм диаметртэй төвийн шугам сүлжээнд холбогдсон. Одоогоор манай байгууллагын хариуцдаг ундны ус түгээж буй нэг ч цэг гүний худгаас ус авдаггүй. Лабораторид 30 гаруй ажилтан усны өнгө, үнэр, амт, хатуулаг, төмөр, фторын агууламж зэргийг тогтмол шалгадаг.
...Олон оронд уснаас дээж авч 80 гаруй төрлийн шинжилгээ хийдэг. Манай улсад одоохондоо тийм нарийн ширийнийг судлах боломж бүрдээгүй. Гэхдээ химийн ес, нянгийн гурван төрлийн шинжилгээ хийдэг...
Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сантай хамтран жилд 2-4 худгийг төвийн шугам сүлжээнд холбож байгаа. Төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын айл өрхүүдэд ус нийлүүлэхийн тулд зөөвөрлөн хүргэдэг. Ингэхдээ зөөврийн худгийн ус хадгалах сав, зөөх машины аюулгүй байдал, хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Зөөврийн автомашинд сар бүр шинжилгээ хийж, бохир үүсгэх магадлалтай байвал өдөрт нь ариутгаж, давтан шинжлүүлдэг. Худгийн ус хадгалах савны тухайд өмнө нь хлораминаар угааж цэвэрлэдэг байсан. Гэхдээ дотоод журам өөрчлөгдсөнөөр жавелион гэх бодис хэрэглэдэг болсон” гэлээ. Энэ нь Францад үйлдвэрлэсэн натрийн давсны хүчлийн нэгдэл, шахмал бодис аж. Усанд сайн уусдаг, тунгалаг бага зэргийн хлорлог үнэртэй бөгөөд бактери, вирус, мөөгөнцөр, хепатитыг устгадаг гэнэ. Иймд төвийн шугам сүлжээнд холбогдсон болон зөөврийн худгийн ус чанарын шаардлага хангаж, өвчин үүсгэх нөхцөлгүй хэмээн УСУГ-ынхан үзэж байгаа юм.
Тэгвэл иргэд чухам ямар ус хэрэглэснээс болж өвчилж байна вэ. Дээр дурдсанаар, Хан-Уул дүүрэгт байрлах KFC түргэн хоолны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 8-10-ны хооронд 78 хүн үйлчлүүлснээс 45-д нь хордлогын шинж илэрч, 20 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Үүний учир шалтгаан нь Зайсан орчмын хорооллууд төвийн шугам сүлжээнд холбогдоогүй гүний худгаас ус авдаг. Лабораторийн шинжилгээний дүнгээр тус хоолны газрын ундны усанд бичил биетүүд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152 ширхэг байсан. Нийслэлийн хэмжээнд 8000 орчим гүний худаг байдгаас 1283 нь Хан-Уул дүүрэгт бий. Төвлөрсөн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй манай нийслэлд иргэд өөрсдөө холбогдох байгууллагад хүсэлт тавьж гүний худаг гарган, ашиглаж байгаа. Уг нь Зайсанг төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг нь батлагдаж, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарласан аж. Ямартай ч чанаргүй усны асуудал тус газрынхны санааг зовоохоо болих цаг ойртож буй бололтой. Гэхдээ мэдээж, буух эзэн, буцах хаяггүй бүтээн байгуулалтын нэг болчихгүй бол шүү дээ. Дээрх хэрэг явдлаас хойш Зайсан орчмын хэрэглэгчдэд нийлүүлэх усыг зөөврийн саванд хийж, бактери устгах тусгай зориулалтын гэрлээр шарж иргэдэд хүргэх болжээ.
Зайсангийнхны ундны усны хэрэгцээг шийдэхтэй зэрэгцэн бусад гэр хорооллын айл өрхүүдийн гүний худаг эрсдэл дагуулах болов. Төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүйгээс үүдэн хашаандаа гүний худаг гаргуулах иргэд усны чанараа хэрхэн тодорхойлуулах талаар мэргэжлийн хүнээс тодруулсан юм. НМХГ-ын Эрүүл ахуй халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Золбоо “Иргэд хувийн хашаа, зуслангийн газартаа худаг гаргуулахын тулд нийслэлийн Байгаль орчны газраас цооног ухах зөвшөөрөл авдаг. Дараа нь худаг ухах компанид хандан 60 гаруй метр ухаж байж гүний устай золгоно. Уг нь бол “Монгол Улсын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д “Хот, суурины төвлөрсөн бус эх үүсвэрийн (гүний худаг) эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд” гэж заасан.
Харин иргэд үүнийг ойшоолгүй жорлон, муу усны нүхтэйгээ 10-хан метр зайтай ухуулчихдаг. Ингээд л өнөөх хөрсний бохирдол нь ундны усанд нөлөөлж, өвчин үүсгэх нөхцөл бүрдээд байгаа юм. Худгийн усыг зөвхөн ахуйн зориулалтаар, ногоо услах, барилга байгууламжид ашиглана гэдэг боловч хоол ундандаа хэрэглэдэг. Манайхаас гадна УСУГ-т иргэд хүсэлт гаргаж 100 мянга орчим төгрөгөөр шинжилгээ хийлгэж болдог. Хашаандаа гүний худагтай айлуудын 70 гаруй хувь нь шинжилгээнд хамрагдсан. Олон оронд уснаас дээж авч 80 гаруй төрлийн шинжилгээ хийдэг. Манай улсад одоохондоо тийм нарийн ширийнийг судлах боломж бүрдээгүй. Гэхдээ химийн ес, нянгийн гурван төрлийн шинжилгээ хийдэг. Мэдээж хэрэг энэ шинжилгээгээр сайн үзүүлэлттэй гарсан усыг ундандаа хэрэглэж болно. Мөн манай байгууллага Улаанбаатарын ус хангамжийн долоон эх үүсвэрээс түүврийн аргаар жилд нэг удаа дээж аван, шинжилдэг. Өдөр тутмын усны чанарыг УСУГ дотоод журмынхаа дагуу өөрсдийн лабораторид шинжилгээ хийдэг” гэлээ.
Ундны усанд хөрсний бохирдол нөлөөлдөг нь үнэн аж. Гэвч иргэд өөрсдийн буруутай үйлдлээс болж усаа бохирдуулдаг нь харамсалтай. Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж буй талаар сэтгэл сэртхийлгэм мэдээг нийслэлчүүд 10-аад жилийн өмнөөс сонсох болсон. Бохирдлыг үүсгэж буй хамгийн том эх үүсвэр нь яах аргагүй гэр хороолол. Тэр дундаа нүхэн жорлон нь нянгийн бохирдол үүсгэж шууд болон агаараар дамжин эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Гэр хорооллын ихэнх айл уул дагуу, уруу газар байрладаг. Үүнээс болж өвөл машин өгсөхөд хүндрэл үүсэж, улмаар айлууд угаадас, үнсээ зам дээр асгадаг. Ингэж хаясан үнс нь хөрс, ус болон агаар бохирдуулдаг. Түүгээр ч барахгүй арьс, ширний үйлдвэрүүд хүнд металлын бохирдол үүсгэж, хөрсний гүнийг бохирдуулан улмаар ундны усанд нөлөөлж байгаа. Хамгийн ноцтой нь хүний удамшилд сөрөг нөлөө үзүүлдэг.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул