Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид лагийг усгүйжүүлэх байгууламж барьж, ашиглалтад орууллаа. Тус байгууламжаас хоногт 1000-1200 шоо метр (10 тоннын даацтай машинаар 100 удаа зөөх хэмжээний) лаг гардаг аж. Боловсруулах төхөөрөмжгүйгээс лагийг ил асгаж, 3-4 жил дэлгэн, байгалийн жамаар хатаадаг байсан. Үүний улмаас нийслэлд таагүй үнэр тархаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байв. Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас лагийг усгүйжүүлэх байгууламж барьжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Олон жил хадгалсан хур лагийг боловсруулах болон цэвэрлэх байгууламж барих ажлыг шат дараатай хийж байна. Одоогоор лагийг усгүйжүүлэх байгууламжтай боллоо. Улаанбаатар хотоор тархдаг өмхий үнэрийг арилгахад уг байгууламж чухал нөлөө үзүүлнэ” гэлээ.
Лаг усгүйжүүлэх байгууламж хоногт 2500 шоо метр бохир хүлээн авах хүчин чадалтай. Ингэснээр лагийн чийгшил 30 хувь буурч, хэмжээ нь 5-8 дахин багасах юм байна. Лагаас ялгасан усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж, дахин ашиглах гэнэ.