Өнгөрсөн долоо хоногт монголчуудын хувьд спортын ертөнцөд онцгой сайхан үйл явдал тохиолоо. Үүний нэг нь “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан II шатны эхний даваа болох F хэсгийн (Япон, Киргиз, Тажикистан, Мьянмар, Монгол) Монгол, Мьянмарын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт энэ сарын 6-нд МХБХ-ны цэнгэлдэхийн ногоон талбайд өрсөлдөөн ихтэй өрнөв. Тоглолт эхэлснээс хойш 17 дахь минутад манай тамирчдаас “Дэрэн” клубийн А.Дөлгөөн өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол хийн 1:0-ээр хожиж, тэмцээнийг тасралтгүй дэмжсэн үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэв.
Тэрбээр хожлын гоолыг “Улаанбаатар сити” клубийн тамирчин А.Нармандахын дамжуулалтаар оруулсан юм. Ингэснээр “Талын хөх чононууд” гурван оноо авав. Өмнө нь Монгол, Мьянмарын баг 2014 оны ДАШТ-ий нэгдүгээр шатанд учраа таарахад эхний тоглолтод Монголын хөлбөмбөгчид талбайдаа 1:0-ээр хожсон ч хариу тоглолтод 2:0-ээр ялагдан, нийлбэр дүнгээр мьянмарчууд дараагийн шатанд шалгарч байв. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн шигшээ багийнхан 2022 оны ДАШТ-ий эхний шатанд Брунейн хөлбөмбөгчдийг буулган авч, шинэ хуудас нээсэн юм.
Өрсөлдөгчдөө гоол оруулах боломж гаргалгүй тоглосон манай хөлбөмбөгчид энэ сарын 10-нд Тажикистаны багтай нутаг дээрээ өрсөлдөх нь.
Бэлтгэсэн: Г.Цэцэг