“Монголоос зайл” гэдэг үг хараал биш, ерөөл болсон гэх юм. Энэ нь орчин үед монголчуудын гадаадад ажиллах хүсэл сонирхол ихэссэнтэй холбоотой аж. Монголчууд олноороо сурч, ажилладаг БНСУ-д гэхэд хамгийн багадаа сарын 1.6 сая воны (ойролцоогоор 3.5 сая төгрөг) цалинтай ажилд нас, мэргэжил, өндөр, нам, “өргөн бүдүүн” байхыг үл харгалзан ажиллуулж байна. Харин манайд 400 мянган төгрөгийн цалинтай үйлчлэгчийн орон тоонд ажилчин шалгаруулж авахдаа царай зүс харах нь наад захын жишиг. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа диплом хүртэл шаарддаг гэх. Сургуулиа төгсөөд ажилд орох гэхээр хоёроос доошгүй жилийн ажлын туршлага нэхдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны судалгаагаар идэвхтэй ажил хайгчдын дунд доктор, магистр, бакалаврын дипломтой 11 000 орчим хүн байгаа нь үүнийг гэрчлэх буй за. Баялаг бүтээгчдээ ингэж түлхдэг манайхаас өөр улс байхгүй гэхэд хилсдэхгүй.
200 хүнийг ажлын байраар хангаж яваа залуу бизнесмен С.Отгонбат “Шуурхай зар” сонины нэг өдрийн дугаарт “Ажилд авна” гэсэн 927 зар гарчээ. Харин “Ажил хайж байна” гэсэн нь ердөө зургаахан. ХНХЯ-наас гаргасан судалгаагаар Монголд өдгөө 40 мянган ажлын байр эзэнгүй байна гэх юм. Залуус эх орондоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолгүй болжээ. Монголчууд бусдаас залхуу юу, гэвэл үгүй. Солонгос, Япон, Европ, Америкт манайхан сайн ажиллаж байна. Хамгийн гол нь цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээний хол зөрүү тэднийг харийн оронд ажиллахад хүргэдэг. Монголчууд БНСУ-д нэг өдрийн ажлын хөлсөнд 100-120 мянган вон авдаг. Эх орондоо нэг сар ажиллаад авах цалингаа тэнд 5-6 өдөрт олчихдог болохоор харийн орон руу хошуурах нь аргагүй. Цалингийн зөрүүг багасгахад улсаас хийх ажил, шийдэх асуудал олон” гэсэн юм.
Манай улсын хүн амын 30 орчим хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэдгийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны “Ядуурлын дүр төрх 2018” судалгаанд өгүүлжээ. Тодруулбал, ядуу иргэдийн нэг хүний бүтэн сарын амин зуулга нь 166 мянган төгрөг аж. Сарын туршид 50 орчим мянган төгрөгөөр хоол хүнсээ залгуулж, эрүүл мэнд, боловсролдоо 2-4 мянган төгрөг зарцуулдаг болохыг тус судалгаанд дурдсан байв. Таван мянган төгрөг ч хүрэхгүй мөнгийг эрүүл мэнд, боловсролдоо илүүчилдэг гэхээр эрүүл байх, сурч боловсрох талаар яриад ч хэрэггүй.
Ядуурлын тэргүүлэх шалтгаан нь мэдээж ажилгүйдэл. ҮСХ-ноос хийсэн Ажиллах хүчний түүвэр судалгаанаас харвал Монголд ажилгүй 107 мянган хүн байна. Зүйрлэвэл, нэг аймгийн дайны хүн ам нийтээрээ ажилгүй гэсэн үг. Хөдөлмөрийн биржүүдэд өнгөрсөн оны эцсээр идэвхтэй ажил хайгчийн тоо 39.1 мянгад хүрч байж. Харин 2019 он гарснаас хойш 16.7 мянга нь ажил хайхаа больжээ. Жил бүр нийт төгсөгчийн ихдээ 25 хувь нь л ажилд ордог бол үлдсэн нь “лааз өшиглөдөг” гэнэ. Сургуулиа төгсөөд ажилгүй байгаа хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар залуусын 79 хувь нь Монголд биш, гадаадад ажиллах хүсэлтэй гэж хариулжээ. БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлагсад улам олширч, тус улсын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэгэнд л гэхэд өдөрт дунджаар 700-800 хүн ханддаг болсон нь үүний тод жишээ. Хоёр улс харилцан визгүй зорчдог болчихвол монгол залуусын олонх нь явахад бэлэн байна.
Ажил олгогч, “Номадик контент”-ын ерөнхий захирал Г.Гантуяа “Миний тооцоолсноор одоогийн нийгэмд нэг айл боломжийн амьдрахад сард 4-5 сая төгрөг шаардагдаж буй. Гэтэл бодит байдалд төрийн алба хашдаг өрхийн сарын орлого нэг сая гаруй, бизнесменүүд хоёр сая төгрөг олж байна. Олонх нь орон сууцны, автомашины, хэрэглээний зээлтэй. Ийм байхад үр хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн даатгал, гэр бүлийн аз жаргал, улс орны хөгжил ярихад хэцүү. Тэгэхээр ажил олгогчид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ сайн бодож, цалингийн зардлаа зөв тооцох. Ажилтнууддаа амьжиргаагаа залгуулж чадахааргүй бага хэмжээний цалин өгдөг бол бизнес эрхлээд яах вэ. Цалин бага, амьдрахад нь хүрэлцэхгүй бол тухайн хүн өөрийн асуудлаа шийдэхэд толгойгоо гашилгасаар ажлын бүтээмж нь буурна. Эргээд таны бизнест халтай. Ер нь том компаниуд гарааны цалингаа эргэж харах цаг болсон. Эзэд нь ажилчдынхаа амьдралыг өөрчлөх цалин өгөхийн төлөө эрмэлзэж, ажилчид нь ч авахын төлөө зүтгэх хэрэгтэй. Япон, солонгосчууд нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай, үнэнч ажилладаг нь тогтолцоотой нь холбоотой. Эрх баригчид төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөний орчныг тогтвортой байлгах замаар ажиллах хүчний системийг шинэчлэх хэрэгтэй” гэсэн санал дэвшүүлэв.
Монгол өрх бүрт гадаадын аль нэг улсад ажилладаг хүн бий гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Хүүхдээ III ангид байхад нь БНСУ руу ажиллахаар явсан аав нь ОХУ-д оюутан болсон хойно нь ирээд, уулзаж амжилгүй бурхан болсон харамсалтай түүх байдаг. Мөн тус улсад ажиллахаар явсан эмч зүрхний шигдээс болсон, өөр нэг багш хорт хавдраар өөд болсон гээд эмгэнэлт жишээ зөндөө. Эцэг, эхээ санаж, энэлэн шаналах хүүхдүүд хорвоогийн шар нар, бор хоногуудыг аргацаасаар. Элэг бүтэн хэрнээ өнчин мэт өсөх хүүхэд өнөөгийн нийгэмд олширчээ. Аав, ээж нь хангалттай цалинтай бол тэднийгээ орхиод, хөгшин эцэг, эхийнхээ санааг чилээн байж харь оронд амьдрахгүй нь лав.
С.Отгонбат “15 жилийн өмнө Нидерландад шал, жорлон, айлын гэр цэвэрлэж, зүлэг арчилж явсан үе надад бий. Олсон мөнгөө цуглуулж, эх орондоо 10 мянган доллартой ирж, бизнесийн гараагаа эхлүүлж билээ. Өдөр бүр шаргуу ажиллаж, орон сууцны зээл, бусад өрөө төлөхийн тулд мэрийн зүтгэж буй хүн Монголд олон байна. Гэхдээ хэчнээн хичээсэн ч амьдрал нь өөдөлдөггүй. Бизнес эрхэлдэг нь шударга бус өрсөлдөөнтэй, тэнцвэргүй нөхцөлд хэр чадлаараа зүтгэж л байгаа. Гэтэл огт бизнес эрхэлж үзээгүй хэн нэгэн түшмэл өчнөөн тэрбумын хадгаламжтай, хэдэн зуун саяын үнэтэй автомашинтайг хараад урам зориг унтардаг юм билээ.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олдоогүй зээл, жирийн бизнес эрхлэгчдэд хүртээлгүй бондыг хэн нэгэн албан тушаалтан авсан гэх мэдээллийг сонсох бүрт ард иргэдийн хийж бүтээх хүсэл эрмэлзэл унтарч, урам нь хугарч байна. Монголчууд гадаадад аргагүйн эрхэнд ажил гололгүй, хэдэн зуун мянгаараа харлаж, цагаачилж байгаагийн үндсэн шалтгаан нь үүнийг гэж хэлнэ. Шударга ёсыг хайж их нүүдэл хийж байна гэсэн үг. Дотооддоо тоодоггүй ажлыг гадаадад гололгүй хийдэг нь цалингийн зөрүүнээс гадна тэднийг шударгаар үнэлдэгт оршдог болов уу” хэмээн өгүүлсэн.
Нөгөөтээгүүр, манай улс зах зээлийн нийгэмд шилжихдээ цөөнгүй зүйл дээр алдсаны нэг нь 6000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан 360 орчим үйлдвэрийн амыг барьсан явдал гэлцдэг. БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг томоохон гүрэн дотоодын үйлдвэрээ ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хамгаалах татварын бодлоготой. Орос импортын бүтээгдэхүүнүүдэд 63, Хятад 125, Өмнөд Солонгос бүр 225 хүртэлх хувийн татвар оноож, үйлдвэрлэгчдээ хамгаалдаг аж. Хүмүүсийнхээ ажлын байр, цалин, ашиг орлогыг ингэж хадгалж, хамгаалдаг байх нь. Гэтэл манайд импортын бараа багахан хувийн татвартай, улсын хилээр “босго”-гүй шахам оруулж ирдэг. Монголдоо үйлдвэрлэж чадахгүй юм бол иргэд эх орондоо өндөр цалинтай ажиллах нөхцөл бүрдэхгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.
“Төрөлхийн залхуу, байгалиасаа илүү ажилсаг үндэстэн гэж үгүй. Шударга нийгмийн тогтолцоо, хөдөлмөрийн үнэн, зөв үнэлгээ л үндэстний бүтээлч байх, эсэхийг тодорхойлдог” гэх мэргэн үг бий. Өөрсдийнхөө төлөө тэмцдэггүй, чадвараа үнэлүүлж чаддаггүй хэрнээ гадаадад ажиллаж, амьдарч буй хэдийгээ боолын хөдөлмөр эрхэлдэг гэж чичилж, доромжлох нь манайхны нийтлэг төрх. Жинхэнэ “боол”-ын хөдөлмөр тэнд биш, энд л байна.