Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (GIZ) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийн хүрээнд 2018-2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдал ихтэй 20 сургууль, цэцэрлэгийг дулаалахаар болсон.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах дулаан техникийн их засварын ажил амжилттай дууссан байна. Өнөөдөр /2019.09.06/ уг цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Тус төслийн хүрээнд барилгын их засварын ажлын жишээгээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, нээлттэй, жендэрийн мэдрэмжтэй болгох бодлогын дэмжлэг үзүүлэх болон чадавхи бэхжүүлэх ажлууд давхар хийгдэж байгаа нь онцлог юм.
2018 онд Баянзүрх дүүргийн 55-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 127, 90-р цэцэрлэгийг дулаалж өвлийн цагт хүүхдийн өвчлөлийг 40 хувь, багш нарын өвчлөлийг 50 хүртэл хувь, барилгын дулааны алдагдлыг 20-40 хувиар тус тус бууруулсан байна. 2019 онд тус төсөл нь нийт зургаан барилгыг дулаалж байгаа юм.