Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцах явцдаа хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг онцолж хэлье” хэмээв.
Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.