Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.
Нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна. Стандартын дагуу 2019 онд 213, 2020 онд 142, 2021 онд 521 автобус, 2021 оноос хойш 307 автобус хэрэглээнээс хасагдахаар байгаа юм. Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг байна. Нийт орлогыг бүтцээр нь авч үзвэл 44.5 хувь нь машин/цагийн системээр олгосон зөрүү санхүүжилт, 22.7 хувь нь үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговор, 32.8 хувь нь нийтийн тээвэр эрхлэгч байгууллагуудын шугамын орлого байгаа юм.
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Манай ажлын хэсгээс машин/цагийн татаасыг нэн яаралтай зогсоож, халах хэрэгтэй гэж үзсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад “Туг тойрох” гэсэн үг хүртэл гарсан байна. Одоогийн тогтолцоогоор зорчигчийн тоо, ашиг орлогоос үл хамааран машин/цагийн татаасаа авч байгаа учраас тэд шугамын орлогод ач холбогдол өгөхөө больсон байна. Мөн маршрут, төвлөрөл хоёр маш их зөрүүтэй. Үндэслэл тодорхойгүй олон маршрут байна. Үүнээс машин/цагийн хэмжээ нэмэгдээд зорчигчийн тоо нэмэгдэхгүй байна. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байна” гэж танилцууллаа.
Мөн тэрбээр “Манай ажлын хэсгээс шаталсан системд шилжин үнийн тарифийг өөрчлөх санхүүгийн модел дээр үндэслэх, маршрут дээр тендер зарлах, хувийн хэвшлүүдийг оролцуулах, машин/цагийн системийг бүхэлд нь халах, дата дээр тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа явуулах, автобус парк шинэчлэх үйл ажиллагаа явуулах, киоск, мобайл аппликейшн, банкны карт, карт цэнэглэх зэргээр төлбөр төлөх төрлүүдийг нэмэгдүүлэх зэрэг санал дэвшүүлж байна. Ингэснээр нийслэлийн төсвийн зардал буурах, үйл ажиллагаа ил тод нээлттэй явах боломж бүрдэх, нийтийн тээврийн салбарт шударга өрсөлдөөн бий болох, бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр тооцоо багасах, шаталсан байдлаар нийтийн тээврийн төлбөрийг авах боломж бүрдэх, орлого нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарна” хэмээв.
Хотын захирагч С.Амарсайхан “Энэ ажлуудыг хэрэгжүүлэх ёстой. Нийтийн тээврийн үйлчилгээнд хэрэгжээд эхэлчихсэн ямар хөтөлбөрүүд байгаа юм. Түүнийг нь улам боловсронгуй болгож, хөгжүүлэх гэдгээ тодорхой болгож оруулж ирэх хэрэгтэй байна. Парк шинэчлэл дээр лизингийн компаниудтай хамтраад, ААН-үүдээр өөрсдөөр нь хийлгүүлэх, маршрутын сонгон шалгаруулалтыг дахин зарлах, шаталсан төлбөрийн системийг нэвтрүүлэх зэргийг уялдаа холбоотой, гарц шийдэлтэй хийх ёстой. Бодитой хийх ажлуудынхаа төлөвлөгөө тайлангаа дараагийн зөвлөлийн хуралд дахин танилцуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэл өглөө.