Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнээс цахилгааны үнийн өөрчлөлтийн талаар тодрууллаа.
-Цахилгааны үнийг 16 хувиар нэмжээ. Яагаад нэмэх болов. Иргэдэд урьдчилж мэдээлсэн үү?
-Улсын хэмжээнд нэг өрх дунджаар 220 кВт цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Сард ойролцоогоор 30 мянган төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг 16 хувиар нэмсэн гэж тооцвол 35 орчим мянга болно. Энэ нь хэрэглэгчдэд дарамт болохгүй. Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх, техникийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулах, түлшний зардлаа хэмнэх зэргээр бүх шатны арга хэмжээ авсан. Гэтэл 2015 оноос хойш нүүрсний үнэ 40, тээврийнх нь зардал 10, мазутын үнэ 31.8, гадаад валютын ханш 31.6, усны үнэ 20.7, импортын цахилгааны үнэ 31.3, эрчим хүчний байгууллагын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл 7.7 хувиар өслөө. Тиймээс манай салбарын өр, төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн. Нэг кВт/ц цахилгааны үнэд нүүрс олборлох, тээвэрлэх, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх бүх зардал багтдаг учраас хэрэглэгчийн тарифыг нэмэхээс өөр аргагүй.
-Үүнтэй холбогдуулан томоохон үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх хандлага ажиглагдлаа. Цахилгааны үнийг цаашид нэмэх үү?
-Цахилгааны үнийг цаашид нэмэхгүй. Том үйлдвэрүүд цахилгааны зардалдаа тийм ч их мөнгө зарцуулдаггүй. Нийт орлогынхоо 10 хүрэхгүй хувийг эрчим хүч ашигласны төлбөрт өгдөг. Бүх зүйл цахилгаанаас хамаардаг гэж ойлгож болохгүй. Эсрэгээрээ ус, валют, бараа бүтээгдэхүүний өртөг, төмөр замын тээвэрлэлтээс цахилгааны үнэ хамаардаг.
-Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг цахилгаан эрчим хүчнийхтэй хамт авдаг болсон гэж шүүмжлэх иргэн цөөнгүй байна. Энэ нь ямар учиртай юм бол?
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа ажил. Уг хуульд өнгөрсөн зургадугаар сарын 6-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, төлбөрийг нь бууруулах болсон. 2013-2019 онд салхины гурав, нарны цахилгаан станц зургааг ашиглалтад орууллаа. Тэдгээрээс нийт эрчим хүчний 18 хувийг бүрдүүлж байна. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүргээ биелүүлэх, хүлэмжийн хийг бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт 2020 он гэхэд цахилгааны хүчин чадлын 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлнэ гэж заасан. 2030 онд эл үзүүлэлтийг 30 хувьд хүргэх ёстой. Үнэ нь бусад салбарыг бодвол харьцангуй тогтвортой байна.
Бэлтгэсэн: Г.Жавхлан