Улаанбаатарчууд зуны гурван сарын нэлээд хэд хоногт нь халуун усаа хаалган шийтгүүлж, энхэл донхол зам, шороо тоосонд умбасан гудамжаар алхав. Зарим хорооллынхон нэг сар орчим, нэг хэсэг нь бүр гурван сар халуун усгүй гүрийж, түүндээ бараг дасжээ. Иргэд ийн гүрийсэн гол шалтгаан нь инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ билээ. Уг нь халаалтын улирал эхлэх үе буюу энэ сарын 15-наас урьтан засварын ажлыг дуусган, бэлэн байдлаа хангах ёстой. Гэсэн ч гудамж, талбайд овоолсон шороо, ухсан нүх хааяагүй харагдсаар байна.
Хан-Уул дүүрэг, XIX хороолол орчмын 0.4 км авто замыг өнгөрсөн долдугаар сарын 13-15-нд түр хаав. Засаад нэг их удаагүй, манай хотдоо л шинэвтэрт тооцогдох замыг дээрх хугацаанд сэндийчэж орхижээ. Гол шалтгаан нь зам доогуур “явсан” шугам хоолойг засах. Наадмын дараах, хотын хүмүүс хөдөө рүү “дайжсан” үе таарсан ч гэлээ тухайн хэсгийн замын түгжрэл замаа алдсан. Болоогүй ээ, ажил товлосон хугацаандаа дууссангүй, лав хоёр өдрөөр хойшилсны эцэст “хөл хорио” арайхийн тавигдав. Харамсалтай нь, сэндийчсэн зам хуучин хэвэндээ орсонгүй, ухсан газарт нь хурд сааруулагч маягийн хонхорхой үлдлээ. “Цэцэг” төвийн үүдний хэсгийг бас л “түйвээж” орхисон.
Төвийн үүдэнд ухсан нүх, овоолсон шороо байгаа хэвээр боловч тэнд ажиллаж байгаа хүн одоогоор алга. Хэн, хэзээ уг ажлыг дуусгах нь тодорхойгүй. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Х хороо Нисэхийн буюу “Пирамид” хотхоны урд талын 0.1 км авто замыг өнгөрсөн сарын 3-5-нд хааж, шугам сүлжээ тавьсан. Мөн л хугацаа хэтрүүлэн хүмүүсийг “шийтгэж”, замыг “хурд сааруулагчтай” болгосон. Ийн мунгинаж буйн шалтгаан нь манай хотод хонгилын систем буюу газар доорх байгууламж байхгүйтэй холбоотой гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Гэсэн ч улсын хэмжээнд энэ талаар авсан дорвитой одоогоор алга. Юутай ч энэ жилийн хувьд инженерийн шугам сүлжээгээ засаж сэлбэн, өвөлд бэлэн болсон, эсэхийг тодруулъя.
Бэлтгэсэн: М.Оч
Т.ХЭРЛЭН: 12 тэрбум төгрөг төсөвлөсөн
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнтэй ярилцлаа.
-Орон сууцуудыг удахгүй дулаанаар хангана. Инженерийн байгууламжийн засвар дуусаж байна уу?
-Өвлийн бэлтгэл хангах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг. Ингэхдээ цахилгаан болон дулааны эх үүсвэрүүдэд урсгал засвар, шинэчлэл хийдэг. Шугам сүлжээний урсгал засвар, шинэчлэлд энэ жил 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цахилгааны эх үүсвэрүүдийн засварын ажил 70 хувьтай байна. Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын ажил 62, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компанийнх 86 хувийн гүйцэтгэлтэй. Өөрөөр хэлбэл, бүх урсгал засварын ажил дуусаж, шугамаа залгаж буй. Өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл нийтдээ 80 хувь давсан.
-Халаалт өгөхөөс өмнө засварын ажил дуусах боломжтой юу?
-Есдүгээр сарын 15-нд орон сууцуудын дулааныг түгээдэг. Аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг өгч, түүнээс хойш шинэ хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбодог. Айл өрхүүдийг дулаанаар хангахад 10 хоног дутуу байна. Удааширсан ажил ганц, хоёр бий боловч энэ сарын 15 гэхэд бүрэн дуусгах боломжтой. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компани үндсэн магистраль шугамаа залгасан.
-Ажил удааширсан шалтгаан юу вэ. Зарим хотхон, хорооллын айлуудын хэрэглээний халуун усыг энэ зун бараг нэг сараар хязгаарлаж, шугам сүлжээ зассанд иргэд нэлээд бухимдсан.
-Ганц манайхаас шалтгаалах ажил биш. Барилга, хот байгуулалтын яамны захиалгатай ажлууд бий. Жишээ нь, орон сууцны таван байрны хэрэглээний халуун усыг 3-4 сар хязгаарласан. Одоо хүртэл халуун ус өгөөгүй байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АПУ компанийн ойр орчмын 51, 52, 31, 42А, 42Б, 72 дугаар байрны халуун усыг хязгаарласан. Уг нь хуваариараа өнгөрсөн сарын 24-нд холбох байсан юм. Ажил удааширсан нь тухайн газарт хөрсний ус их байгаагаас шалтгаалсан. Мөн гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал ч нөлөөлснийг үгүйсгэхгүй. Бидэнд өгсөн мэдээллээр энэ сарын 7-ноос тэдгээр байрны айлуудыг халуун усаар хангана гэсэн. Бид газар дээр нь очиж шалгасан. Гүйцэтгэгч компанийнхан ажиллах хүчээ нэмсэн гэж буй ч техник, тоног төхөөрөмжөө сайжруулаагүй тул ажил урагшлахгүй байна.
-Шугам сүлжээ засах гэж ногоон байгууламж, авто зам сүйтгэх нь хэвийн үзэгдэл мэт болж. Ингэхдээ ногоон байгууламжийг сэргээхгүй, замаа засахгүй, сэндийчсэн чигээр нь хаясан тохиолдол бишгүй харагддаг. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ?
-Шугам сүлжээний ажил хийх зорилгоор ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг ухах, авто зам сэтлэх, эсэхийг нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудын нэгдсэн хурлаар шийдвэрлэдэг. Нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэгч компани хариуцах үүрэгтэй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтнүүд үүнд хяналт тавих ёстой. Харин хүйтний улирал буюу арваннэгдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд гэнэтийн осол, саатлын улмаас шугам сүлжээ засах шаардлага тулгарч, зам эвдэх болбол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргаас зөвшөөрөл авдаг. Зам сэтэлсэн тохиолдолд хүйтний улиралд асфальтаар хучих боломжгүй учир шороогоор булах ёстой.
Бэлтгэсэн: Ж.Уранмандал
Засвар нэртэй “завхарсан” ажил
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ үед өвлийн бэлтгэлээ хангах нь нийслэлчүүдийн эн тэргүүнд тавих чухал асуудал. Энэ жил эрт цас орж, ихэнх нутгаар сэрүүсэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэдэд сэрэмжлүүлсэн. Тэгвэл дулааны улиралтай зэрэгцэн эхэлдэг засварын ажлууд цас орохоос өмнө дуусах болов уу. Газар хөлдөхөөс эхлээд иргэдийн тав тухтай, аюулгүй орчин гээд хүйтний улиралд засварын ажил хийх нь багагүй хүндрэл учруулдаг. Угаас уужуу тайван монголчууд өвлийн бэлтгэлээ базааж засвар, үйлчилгээний ажлаа дуусгасан, эсэхийг сурвалжиллаа.
Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг, БСШУСЯ-ны харьяа ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн гадна орчин болон явган хүний гарц хааж нүх ухсан нь эцэг, эхчүүд, сурагчдад багагүй хүндрэл учруулж буй талаар мэдээлэл авсан даруйдаа газар дээр нь очлоо. Цахилгааны шугам татах нэрийдлээр явган хүний гарцыг хаан нүх ухсанаас гадна 500 метр орчим газрыг сэндийчиж орхижээ. Явган хүний зам, гарц зэргийг хайр найргүй эвдэж орхисон нь иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулсан байв. Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгээс тодруулахад “Монголбанкны шинээр барьж буй барилга руу цахилгаан татахаар манай сургуулийн баруун болон урд талын явган хүний замыг ухсан. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд ухаж эхэлсэн боловч материал нь ирээгүй хэмээн 25-наас ажлаа эхэлсэн юм. Гүйцэтгэгч байгууллагынхан зөвхөн амралтын өдрүүдэд л ажилладаг нь засварын ажил удааширсан гол шалтгаан байх. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажлаа дуусгана гэсэн боловч ухсан нүхээ одоо хүртэл булаагүй. Түүгээр ч зогсохгүй хичээл орохын өмнөх өдөр хэрүүл маргаан хийж, ажилчидтай нь хамт чулуу, шороо зөөж байж баруун болон урд талын явган хүний замыг чөлөөлсөн” гэлээ.
Монголбанкны шинэ байрны цахилгааныг татаж буй компанийнхнаас энэ талаар тодруулахад “Манайх нүх ухсан боловч өөр компани ажил хийнэ, битгий хаа гээд хүлээлгээд байгаа” гэсэн юм. Уг ажлыг хийхдээ 23 дугаар сургуулийн ойролцоох явган хүний гарцыг ухаж, авто замыг нь сэтэлж, хүчдэлийн утсаа татах байсан ч боломжгүй болсон гэнэ. Зам хааж, хэсэг газрыг ухаж, цахилгааны утас татах хэрэгтэй болсон тул зөвшөөрөл авах гээд ажлаа хойшлуулжээ. Улмаар ухсан нүхээ тойруулан хашлага татсан гэж буй ч хүчтэй салхинд хийсээд уначихаар юм хийсэн байв. Зөвшөөрлийн асуудалтай гэдгээ нууж өөр компани руу буруугаа чихсэн байх гэж хардаж буйгаа 23 дугаар сургуулийнхан нуусангүй. “Наадах чинь хүчдэлгүй утаснууд. Ямар ч аюулгүй” гэж хэлж байгаа ч тэр нүх рүү хүүхэд унаж бэртвэл хэн хариуцлага хүлээх вэ.
“Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хэд хоногоос энэ нүхээ бөглөхгүй бол асууж тодруулна даа” гэх эцэг, эхчүүд байлаа. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр заавал хүн бэртэж, гэмтсэн хойно л сүр бадрааж, нийгэм даяараа шуугьдаг жишиг тогтоод удаж. Сургуулийн эргэн тойронд эргүүл хийж буй эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд 10-уулаа ажиллаж байлаа. Уг нь нэг удаа дөрвөн хүн эргүүл хийх журамтай ч нүхэнд хүүхэд унаж, бэртэхээс сэргийлж ийнхүү хүч нэмжээ. Сургуулийн удирдлага удаа дараа гүйцэтгэгч компанийнханд шаардлага хүргүүлсэн боловч утсаа ч авахгүй алга болсон хэмээн цөхрөнгөө барсан шинжтэй хэлсэн юм.
Засвар нэртэй “завхарсан” ажил ганц энэ биш. Дээрх дүүргийн нутагт байрлах “Цэцэг” төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 16-18-нд хааж Хууль зүйн яамны захиалгаар “Хурд групп” ХХК дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийсэн. Гэвч өдий хүртэл тэр ажил дуусаагүй. Тэр ч бүү хэл хийж гүйцэтгэж байгаа хүн ч байсангүй. “Цэцэг” төв доторх үйлчилгээний байгууллагын ажилтнуудаас лавлахад “Сүүлийн 10 гаруй хоног нэг ч хүн ирж, ажил хийсэнгүй. Хэзээ дуусахыг мэдэхгүй” гэлээ. Иргэдэд багагүй чирэгдэл учруулж, зам хааж хийсэн засварын ажил хэзээ дуусаж, явган хүний замыг засах юм бол?
Мөн Баянгол дүүргийн XX хорооны нутаг буюу “Москва” хорооллын замын эсрэг талын шугам сүлжээг засахаар багагүй хэмжээний газар ухаад орхижээ. Ойр орчмын иргэдээс тодруулбал, бараг сар гаруйн хугацаанд хүн ажиллаагүй гэсэн юм. Хүйтний эрч чангарч эхэлж буй энэ үед нийслэлчүүд хөсөр хаясан засварын ажлаа дуусгах болоогүй бололтой.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул
ИНФОГРАФИК
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Инженерийн шугам сүлжээний засварын гүйцэтгэл, чанарын талаар та ямар бодолтой байна вэ?
Ц.ОТГОНБАЯР (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн):
-Хотын төвөөс алслагдсан газарт амьдардаг айлуудын цахилгааны хүчдэл бага байдаг, түүнийг сайжруулна гэнэ. Энэ нь их зөв зүйтэй ажил гэж бодож байна. Өндөр хүчдэлийн шугамыг газар доогуур тавих нь давуу талтай. Шугам тавина гээд өнгөрсөн жил газар ухаж байсан. Энэ жил дахиад ухсаар байна. Хэр удах нь хамаагүй, 100 жилийн настай ажил хийнэ гэдэгт итгэж байна.
Д.БААСАН (Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн):
-Шинээр тавьж байгаа хоолойнууд чанарын шаардлага хангадаггүй. Жил бүр засвар хийхдээ газраа бага ухаж, хүн явдаг замаас холуур хийх ёстой. Олон жилийн өмнөөс л шугам засах нэрээр газар ухдаг байсан, одоо ч хэвээрээ. Гэтэл дэлхий дахинд дэвшилт, орчин үеийн, өөр олон арга, технологи бий болсон шүү дээ.
Б.БАТЦЭЦЭГ (Баянзүрх дүүргийн ХV хорооны иргэн):
-Шугам сүлжээ засаж байгаа газраар хүүхэд болон хөгшин хүн явахад хэцүү. Тоосны харшилтай хүнд бүр хэцүү, амьдрах нөхцөл алга. Адуу мал ч бид нараас сайхан орчин амьдардаг шүү.
Б.ЭНХТУУЛ (Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн):
-Машин тавих газар олдохгүй, хүүхэд минь сургуульдаа явахдаа нүх рүү унаж, бэртчих гээд хэцүү байдаг. Ядаж сургуулийн ойр орчим ухсан нүхээ хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө булчихаж болдоггүй юм байх даа. Гадаад оронд жил бүр шугам хоолойгоо ингэж сольдоггүй. Халуун зунаар гэрийн гадаа нүх ухаад, ус тасалдгийг сайшаадаггүй.
Б.БАТЦЭНГЭЛ (Баянгол дүүргийн XVI хорооны иргэн):
-Манай энд хоолой тавилаа гэсэн. Гэтэл хавар болонгуут өмхий үнэртээд, бохироо соруулж авсан гэнэ. Энд явган байтугай машинтай явахад ч хэцүү. Дээр нь ухсан нүхээ хогоор булчихдаг. Энд тэндгүй нүх.
Ц.МЯГМАРЖАВ (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Шугам сүлжээний ажил хийж байна гээд зам хааж, нүх ухсан. Энэ ажлыг эхлэхэд “Цэвэр, бохир усны шугам тавьж байна” гэж хүмүүс ярьсан ч, сүүлд сонсоход цахилгааны утас суулгасан юм билээ. Дараа жил дахиад ухаж, цэвэр, бохир усны хоолой тавих байлгүй дээ. 2018 онд бас газар ухаад л байсан. Түүний дараа авто зам авах юмгүй болсон. Хүмүүс хашаандаа машинаа ч оруулж чадахаа больдог. Гэртээ чөлөөтэй орж, гарахын тулд “Ухсан замаа хэзээ булах юм бол” гэж л бодох юм. Төрөөс хийж байгаа ажил болохоор дуугүй л байдаг. Засвар хийсний дараа авто замаа засвал иргэд хохирохгүй.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул