Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёровын ярилцлагыг хүргэж байна.
-Та Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байна. Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Монголд ирэх хэзээд таатай байдаг. Энэ удаагийн айлчлал маань Халхын голд Зөвлөлт, Монголын дайчид ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан төрийн арга хэмжээнүүдийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог юм. Энэ түүхэн ойг тохиолдуулан “Өнөөдөр” сонины уншигчдад баярын мэнд дэвшүүлье. 70 жилийн өмнө “Улаанбаатарын төмөр зам”-ыг Зөвлөлтийн цэргийн төмөр замчдын оролцоотойгоор байгуулсан.
Энэ жил бид түүхэн хоёр ойг хамтран тэмдэглэж байна. Эцэг, өвгөдийнхөө эхлүүлсэн үйл хэргийг хоёр орны сайн сайхны төлөө үргэлжлүүлэн хөгжүүлэх нь бидний хувьд маш чухал. Өдгөө УБТЗ нь манай хоёр орны хамтарсан хамгийн том нийгэмлэг билээ. Асуудалдаа эргэн ороход, төмөр замын өнөөгийн байдлыг сайн гэж дүгнэнэ. Хамтарсан нийгэмлэг маань хэвийн ажиллаж, ашиг өгч байна. Монголын дотоодын ачаа эргэлтийн 80, экспорт, импортын 90 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэж байгааг энд тэмдэглэе.
УБТЗ нь нэр хүндтэй ажил олгогч бөгөөд сүүлийн дөрвөн жилд ажилчдынх нь хөдөлмөрийн хөлс 26.4 хувиар нэмэгдсэн нь Монголын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Төмөр замчдын гэр бүлийнхэн цэцэрлэгийн болон эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
Ачаа эргэлт, транзит тээврийн хэмжээ хэлбэрэлтгүй өсөж ирсэн. Өнгөрсөн онд УБТЗ-аар 25.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь дээд амжилт болсон ба энэ нь 2017 онд тогтоосон амжилтаас 13.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн тээврийн хэмжээ 2017 оныхоос есөн хувиар өсөж, 3.37 сая тоннд хүрчээ.
Энэ онд нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, 27 сая гаруй тонн ачаа тээвэрлэнэ. Тиймээс зүтгүүрүүдийг шинээр худалдан авах, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг нэн түрүүнд авах шаардлагатай арга хэмжээнүүдээ төлөвлөсний дагуу гүйцэтгэж, идэвхтэй ажилласнаар ачаа тээврийн хэмжээг 25 хувиар өсгөж, 34 сая тоннд хүргэх боломжтой.
Бид Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх ачаа тээврийг цаашид өсгөх сонирхолтой байгаа. Орос, Монгол, Хятадыг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрт Төмөр замын төв коридорыг хөгжүүлэхээр тусгасан ба УБТЗ нь түүний гол хэсэг юм.
Ашгийн үндсэн хэсгийг транзит тээврээс олж, харин экспорт, импорт болон дотоодын ачаа тээврийг өөрийн өртгийн хэмжээнд, эсвэл арай бага байхаар замын одоогийн тарифын бодлогод тусгасныг энд тэмдэглэе.
Хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангахын тулд төмөр зам оршин тогтнож, бат найдвартай, нөөц бололцоотой байх ёстой ч үнэ тарифыг индексжүүлэлгүй удсан нь үйлдвэрийн, цаашлаад эдийн засгийн хөгжилд нь сөргөөр нөлөөлж, хойш чангааж байна. Үнэ тарифыг 2016 оноос хойш бүрэн индексжүүлээгүй. Үүнээс өмнө индексжүүлэх ажлыг тогтмол хийж байсангүй.
ОХУ-д 1990-ээд оны хүнд жилүүдэд ачаа тээврийн үнэ тарифыг бараг индексжүүлээгүй бөгөөд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүйн уршгийг удаан хугацаанд амссан. Тиймээс индексжүүлэх тухай асуудлыг судлах, хамгийн тохиромжтой шийдлийг олох нь чухал юм.
Замын хөгжлийн стратегийн хэтийн төлөвийн талаар гэвэл, Зүүнбаян, Ханги чиглэлийн шинэ замын барилгын ажил ихээхэн анхаарал татаж буйг тэмдэглэмээр байна. Эл зам нь БНХАУ руу шинэ гарц нээх боломж олгоно. Тавантолгой, Зүүнбаянгийн замын (414 км) төслийн ажилд УБТЗ-ыг оролцуулахыг нааштайгаар харж байгаа.
УБТЗ-ыг 2030 он хүртэл шинэчлэн хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт тусгасан өөр олон санаа байгаа ч шат дараатай ажиллах хэрэгтэй.
Зорчигч тээврийг хөгжүүлэх нь мөн адил чухал. Өнгөрсөн онд 2.57 сая зорчигч тээвэрлэсэн, энэ жил уг үзүүлэлтийг 2.78 саяд хүргэхээр төлөвлөж байна. Өсөлтийг бататгах хэрэгтэй. ОХУ-д үйлдвэрлэсэн рейлбус Улаанбаатарт үйлчилж байна. Энэ нь чанартай, тухтай тээвэр юм. Зорчигчдод нэн шаардлагатай энэ болон бусад санаачилгыг хөгжүүлэх хэрэгтэй.
-11 жилийн өмнө УБТЗ-ын ОХУ-д ноогдох 50 хувийн итгэмжлэгдсэн удирдагч нь “Оросын төмөр замууд” нийгэмлэг болсон. Өнгөрсөн хугацаанд гарсан өөрчлөлт, амжилтуудынхаа тухай дурдана уу?
-УБТЗ-ын хувьцааны 50 хувийг “Оросын төмөр замууд” нээлтэй хувьцаат нийгэмлэгт шилжүүлснийг маш зөв, цаг үеэ олсон шийдвэр гэж үздэг. Дээр хэлсэнчлэн, замын үйл ажиллагаа нь үр ашгаа өгч, үндсэн үзүүлэлтүүд сайн байгаа. Жишээлбэл, сүүлийн дөрвөн жилд ачаа эргэлт 35, орлого нь 54 хувиар, санхүүгийн үр ашиг хоёр дахин нэмэгдсэн. Замын хамт олон үр бүтээлтэй ажиллаж, заасан хугацаанд хөдөлмөрийн бүтээмж нь бараг 30 хувиар өсжээ.
УБТЗ-ын бүрэлдэхүүнд “Оросын төмөр замууд” НХН-ийн цөөн боловч нарийн мэргэшсэн баг ажиллаж байгаа нь хамтарсан нийгэмлэг маань орчин үеийн чиг хандлага, санаачилгуудтай хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна. Тухайлбал, галт тэрэг хоорондын зайг хатуу хуваариар бус, 3-5 минутаар багасгаж, хэсэг хоорондын нэвтрүүлэх чадлыг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх аргыг аль хэдийн нэвтрүүлээд байна.
Үүний сацуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УБТЗ нь “Оросын төмөр замууд” НХН-тэй хамтран ачаа тээврийн баримт бичгийг цахимжуулах талаар томоохон ажил гүйцэтгэлээ. Энэ нь ачаа тээврийг бүртгэх явцад цаг болон хөрөнгө хэмнэх боломж олгосон юм.
Энэ сараас эхлэн вагонуудыг олон улсын мэдээллийн цахим бүртгэлд оруулсан, ирэх жилээс ачаа тээврийг ч бүртгэхээр бэлтгэж байна.
-Хамтарсан үйлдвэр нь 1949 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хэлэлцээрийг шинэчлэх шаардлага бий. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Уг хэлэлцээр нь Засгийн газар хоорондынх учир түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хоёр улсын шийдэх асуудал. 1949 оны баримт бичгийн дагуу төмөр замын ажил одоог хүртэл амжилттай явж байгаа нь уг баримт бичгийг бэлтгэсэн тэр хүмүүсийн мэргэжлийн өндөр түвшнийг илтгэж байна гэж би хувьдаа боддог.
Зөвлөлтийн төмөр замын салбарыг 30 жил удирдсан, ОХУ болон хөрш орнуудын төмөр замын өнөөгийн дүр төрхийг олон талаар тодорхойлсон, Зам харилцааны сайд Борис Павлович Бещевт ЗСБНХУ-ын Засгийн газар хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгосон нь тохиолдлын хэрэг биш юм. Хэмжээний хувьд том биш ч уг хэлэлцээр нь өнгөрсөн хугацаанд огт өөрчлөгдөөгүй ажлын үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг.
Бид асуудлыг судлаад, эл баримт бичгийн агуулга төмөр замыг хөгжүүлэхэд саад болоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өдгөө хоёр улсын Засгийн газар болон төмөр замчид нь УБТЗ-ыг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах тухай шинэ хэлэлцээрүүдээр энэхүү гэрээний хэрэгжилтийг баяжуулах боломжтой. Энэхүү баримт бичгүүд нь Зөвлөлт, Монголын хэлэлцээрт тусгасан заалтуудыг өөрчлөх биш, харин баяжуулах юм.
70 жилийн өмнө баталсан шийдвэр нь Монголыг дэлхийд хамгийн том, технологийн хувьд нэгдсэн тээврийн сүлжээнд холбосныг ойлгох нь чухал. Тиймээс хоёр орны төмөр замууд хоорондын харилцаа цаашид бэхжих болно. Бид бие биенээ илүү сайн ойлгох ёстой. УБТЗ-ын ажилтнууд олон жилийн турш Оросын зам тээврийн салбарын шилдэг их, дээд сургуулиудад бэлтгэгдэж ирсэн нь тохиолдлын хэрэг биш. Энэ онд гэхэд Монголын 65 оюутан тэдгээр сургуульд суралцахаар шинээр элсжээ.