“Гадаадынхан тэтгэвэрт гараад дэлхийгээр тойрон аялдаг” гэж бид атаархан ярьдаг. Сар бүр гар дээрээ таван бор төгрөг авдаг тэтгэврийн хөгшид минь “Хөгжингүй орнууд өндөр тэтгэвэртэй болоод тэгдэг байх” гэж бодож магадгүй. Тэтгэвэрт тавьдаг мөнгөний их, багаас илүү тогтолцоо нь тэдэнд тэтгэвэрт гараад дэлхийгээр тойрон аялах боломж олгодог юм. Манай тогтолцоо яагаад ийм боломж олгодоггүй вэ. Манайх бол тэтгэврийн “Эв санааны нэгдэл” хэмээн тодорхойлдог тогтолцоотой орон. Энэ нь ажил хийж буй хүмүүсийн нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээр хөгшдийн тэтгэврийг тавьдаг тогтолцоо. Та цалингийнхаа 8.5 хувийг нийгмийн даатгалд төлнө, ажиллаж буй байгууллага тань орлогоосоо таны цалингийн 8.5 хувьтай тэнцэх мөнгийг мөн тийш нь шилжүүлнэ.
Тэгэхээр та нийгмийн даатгалд орлогынхоо 17 хувьтай дүйх мөнгийг сар бүр шилжүүлдэг гэсэн үг. Энэ маягаар нийгмийн даатгалд хуримтлагдсан хөрөнгөөс ахмадуудын тэтгэврийг тавьдаг. Ажилчдаас хуримтлуулаад ахмадуудаа тэтгэдэг хэрэг. Иймээс “Эв санааны нэгдэл” гэж нэрлэжээ. Тэгвэл дэлхий нийт тэтгэврийн системдээ нэрийн дансны буюу хуримтлалын тогтолцоог эртнээс нэвтрүүлж эхэлсэн. Олон орон энэ тогтолцооны дагуу хөгшдөө “халамжилж” байна. Энэ нь ажилчны нийгмийн даатгалын шимтгэлийг тусгай санд цуглуулдаг, түүнээс ахмадуудын тэтгэврийг тавьдаггүй, нэрийн данс эзэмшигчийг тэтгэвэрт гарахад нь зөвхөн өөрт нь зориулдаг. Тэтгэвэрт гарчихаад нэрийн дансандаа хуримтуулсан мөнгөө тодорхой хугацааны давтамжтайгаар цувуулж, эвсэл бүгдийг авч болдог тогтолцоо юм. Мөн үр хүүхдэдээ өвлүүлэх, зээлийн барьцаанд тавих гэх мэтээр ашиглах боломжтойгоороо онцлог.
“Олон жил ажиллачихаад хэдхэн сар тэтгэвэр аваад бурхан болчихлоо” гэж ярих тохиолдолтой таарч байсан уу. “Эв санааны нэгдэл” тогтолцоо нь бүх насаараа ажилласан ч хуримтлуулсан мөнгөө захиран зарцуулах эрх олгодоггүй. Зөвхөн тогтоосон хэмжээний мөнгөн дүнтэй тэтгэврийг сар бүр олгодог. Иймээс луйврын тогтолцоо гэж үзэх нь бий. Харин хуримтлалын тогтолцоог мөнгөө бүгдийг авч болдог, өвлүүлдэг учраас шударга гэх нь ч бий. Хуримтлалын сан нь иргэний нэрийн данс дахь мөнгийг оновчтой хөрөнгө оруулалт хийж өсгөдөг. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай хадгаламж шиг гэсэн үг.
...Иргэдийн олонх ч ийм тогтолцоо бүрдүүлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Олон жил ажиллаж, шимтгэл төлчихөөд гол зогоох хүнс авах төдий тэтгэврээр амьдрахыг хэн ч хүсэхгүй. Монголд 330 мянган төгрөгийн тэтгэвэр аваад, хүүхдүүдээсээ тусламж гуйгаад амьдарч буй өндөр настан олон бий. Нөгөөтээгүүр, хуримтлалын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэх, тэр тусмаа өндөр орлого олох сэдлийг төрүүлдэг...
“Эв санааны нэгдэл”-ийн тогтолцоо нийгмийн даатгалын хөгжлийн анхны шат аж. Нийгмийн даатгалын энэ тогтолцоог 1800-гаад онд Герман улсад нэвтрүүлжээ. Бүр тодруулбал, Германы анхны канцлер Отто Вон Бисмаркийн санаачилгаар хийсэн ажил гэдэг. Энэ тогтолцоог манайх социализмын үед ЗХУ-ын зөвлөмжөөр нэвтрүүлсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжсэн ч энэ тогтолцоог халаагүй л байна. Нийгмийн хамгааллын чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг хүн олон байгаа учраас хуримтлалын тогтолцоонд шилжих боломжгүй гэдэг. Тэгвэл санхүүгийн зах зээлд ажилладаг мэргэжилтнүүд “Манай улс нийгмийн даатгалын хөгжлийн анхны шатандаа гацчихаад байна. Хуримтлалын тогтолцоонд шилжих алхам хийх хэрэгтэй” гэж үздэг. Тэд яагаад ингэж үздэгийг дор дурдъя.
Нидерланд улс нийгмийн даатгалын тогтолцоог эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байдлаар бүрдүүлснээрээ жишиг болдог. Тэднийхийг нийгмийн даатгалын тогтолцооны сонгодог хувилбарыг бүрдүүлсэн ч гэж ярьдаг. Нидерланд улс нийгмийн даатгалын гурван тулгуурт тогтолцоотой. Эхнийх нь “Эв санааны нэгдэл”-ийн тогтолцоо юм. Ажил эрхэлж буй хүн бүр орлогынхоо 5-6 хувийг вант улсынхаа нийгмийн даатгалын санд тушаадаг. Тус сангаас өмнө нь ажил эрхлээгүй байсан ч ялгаагүй тэтгэврийн насны бүх иргэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50-70 хувьтай дүйх мөнгө олгоно. Энэ нь иргэдээ нас өндөр гарахад нь ямар ч орлогогүй хаяхгүй гэсэн төрийн бодлого нь аж. Тодруулбал, залуу насандаа ажил хийгээгүй ч Нидерландад хүн хоол, хүнсээр гачигдахгүй байхаар зохицуулсан хэрэг.
Дараагийн тулгуур нь хуримтлалын тогтолцоо. Ажил эрхэлж буй иргэдээ хувийн тэтгэврийн санд орлогынхоо тодорхой хэсгийг тушаахыг хуулиар үүрэг болгодог аж. Тодруулбал, нийт орлогынхоо 16 хувийг тэтгэврийн санд тушаахыг үүрэгддэг байна. Хувийн тэтгэврийн сан нь иргэнийхээ нэрийн данс дахь мөнгөөр ашигтай хөрөнгө оруулалт хийж, өсгөнө. Эцсийн бүлэгт шимтгэл төлөгчийн тэтгэврийн мөнгө өснө. Дээр дурдсанчлан энэ сангаас хүн мөнгөө цувуулж, эсвэл бүгдийг нь авч болно. Үр хүүхдэдээ өвлүүлж болно. Зээлийн барьцаанд тавих гэх мэт санхүүгийн бусад харилцаанд орохдоо ашиглах боломжтой. Энэ бодлогынхоо хүрээнд салбар, салбарыг хариуцсан хувийн тэтгэврийн сантай байх зохицуулалт хийжээ. Жишээ нь, байшин барьдаг ажилтан барилгын салбарыг хариуцсан хувийн тэтгэврийн санд мөнөөх заавал тушаах шимтгэлээ төлдөг гэнэ.
Гурав дахь тулгуур нь сайн дурын үндсэн дээр хэрэгждэг хуримтлалын тогтолцоо. Эхний хоёр нь хуулийн дагуу орлогоосоо заавал төлөх шимтгэл. Тэгвэл Нидерландын иргэн сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн санд орлогоосоо хүссэн хэмжээгээрээ хуримтлуулж болно. Өндөр настай болоод их тэтгэвэр авахыг хүсэж буй иргэн аль ч улсад бий. Нидерланд ийм хүсэлтэй иргэддээ боломж олгожээ. Иргэн нь сайн дурын үндсэн дээр тэтгэврийн санд нэмж шимтгэл төлөх шийдвэр гаргавал хүн амын орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг үзүүлдэг гэнэ лээ. Энэ нь хүн амаа ирээдүйд хэрэглэх хуримтлалтай болгох хөшүүрэг аж. Тэднийх хуримтлалын тогтолцоонд шилжихдээ Засгийн газрын нийгмийн даатгалын санд тушаах шимтгэлийг аажмаар бууруулах, хувийн тэтгэврийн санд төлөхийг нь өсгөх бодлого баримталсан гэнэ. Тэгэхээр алга урвуулах мэт гэнэт тогтолцоогоо солиогүй, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах бодлогоо давхар тооцож явжээ.
Үүнийг манайд хэрэгжүүлж болох уу? Энэ асуултад “Голомт” банкны эдийн засагч Г.Ганзориг “Сайн тооцоолол хийх хэрэгтэй. Нийгмийн даатгалын санд одоо төлж буй шимтгэлийг бууруулахгүйгээр дээр нь нэмж шимтгэл төлөх байдлаар зохицуулалт хийх боломж харагдаж байгаа” гэж хариулсан. Тэрбээр “Нидерландынх шиг ниймгийн даатгалын шимтгэлийг аажмаар бууруулаад, хувийн тэтгэврийн санд төлөхийг нь нэмээд явах нь зөв бодлого. Манайд дор хаяж 10 жил үргэлжилсэн үйл явцын дараа хуримтлалын тогтолцоо давамгайлах болов уу” гэж нэмж хэлсэн. Хэрэв эрх зүйн орчныг нь бүрдүүлбэл сайн дурын үндсэн дээр тэтгэврийн санд нэмэлт шимтгэл төлөх иргэн байх нь ойлгомжтой. Дэлхий нийтийн нийгмийн даатгалын тогтолцооны чиг хандлага ийм болсон. Тиймээс хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг тооцоо, судалгаатай эхлүүлэх нь зүйтэй болов уу.
Иргэдийн олонх ч ийм тогтолцоо бүрдүүлэхийг хүсэж байгаа нь дамжиггүй. Олон жил ажиллаж, шимтгэл төлчихөөд гол зогоох хүнс авах төдий тэтгэврээр амьдрахыг хэн ч хүсэхгүй. Монголд 330 мянган төгрөгийн тэтгэвэр аваад, хүүхдүүдээсээ тусламж гуйгаад амьдарч буй өндөр настан олон бий. Нөгөөтээгүүр, хуримтлалын тогтолцоо нь хөдөлмөр эрхлэх, тэр тусмаа өндөр орлого олох сэдлийг төрүүлдэг. Өндөр орлоготой байвал их шимтгэл төлнө, тэтгэвэрт гарсны дараа тэр хэрээрээ их мөнгө авна. Дэлхийг тойрч тэнэдэггүй юм гэхэд хэний ч гарыг харахгүй сайхан амьдарна. Тэгэхээр тэтгэвэрт гараад сайхан амьдрахын тулд хуримтлалын тогтолцоог дэмжих хэрэгтэй.
Хуримтлалын тогтолцоо нь тухай орны эдийн засагт асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн дор хаяж 20 жил хөдөлмөрлөж байж тэтгэвэрт гарна. Тэгэхээр тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөөр 20 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийж болно. Урт хугацаатай мөнгөөр олон жилийн дараа үр ашгаа өгөх төсөл хэрэгжүүлж болдог. Богино хугацаатай мөнгөөр томоохон төсөл хэрэгжүүлнэ гэж ярилтгүй. Манай арилжааны банкуудад хадгалуулсан мөнгөний дийлэнх нэг жилийн хугацаатай байдаг. Иймээс том төсөлд санхүүжилт хийж чаддаггүй. Тэгээд гадаадын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нарыг царайчлах хэрэг гарна. Тэтгэврийн сантай болчихвол “урт” мөнгөтэй болно. Иймээс л эдийн засагчид, санхүүчид хуримтлалын тогтолцоог дэмждэг юм. Нэг сумаар хоёр ч биш, түүнээс ч олон туулай буудахаар байгаа биз. Манай улс Нидерландын жишгийг яагаад туршиж болохгүй гэж. Тэтгэвэртээ гараад “тэнэх” мөрөөдөлтэй хүн олон л байгаа.