Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн хоолны салбарт баримтлах стандартуудыг шинэчлэн баталсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт, Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага, Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээний стандартыг шинэчилсэн бөгөөд аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийн саналыг өнгөрсөн жилийн гаруйн хугацаанд авч, найман удаа хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр тэдгээр баримт бичгийг боловсруулсан гэнэ. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын стандартыг 14 жилийн дараа шинэчилсэн нь энэ аж.
Ингэснээр хуучин орон сууцны нэгдүгээр давхарт зоогийн газар ажиллуулахыг хоригложээ. Ийм хүсэлт тавьсан аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохгүй. Мөн өдгөө ажиллаж байгаа газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэнэ. Доод давхартаа үйлчилгээ явуулах зориулалтаар барьсан орон сууцуудад эл шаардлага хамаарахгүй юм байна. Түүнчлэн шинэ стандартын дагуу зоогийн газрууд цэсдээ хоолны илчлэг, давсны агууламжийг нарийвчлан бичих ёстой. Үүнээс гадна хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнууд албан ёсны үнэмлэх, зэрэгтэй байх шаардлага тавьжээ.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд хоол үйлдвэрлэлийн салбарт 7800 орчим зоогийн газар үйл ажиллагаагаа явуулж буй аж. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийг шалгахад 54 хувь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологи, урсгалын дагуу тохижуулаагүй, 31 хувь нь хүнс хадгалах, хөргөх, хөлдөөх төхөөрөмжгүй зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ.
Бэлтгэсэн: М.Оч