Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт олон жилийн настай угсармал орон сууцуудыг дулаалах зорилт дэвшүүлсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан уг ажлыг эхлүүлэхээр үе шаттай тооцоо, судалгаа явуулсны үр дүнд өнөө жилээс угсармал орон сууцуудыг дулаалж эхэлжээ. Энэ талаар тус албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа.
-Нийслэлд 1960, 1970-аад онд, хуучнаар ЗХУ-ын хөрөнгөөр барьсан 538 угсармал орон сууцыг дулаалах шаардлагатай гэсэн судалгаа бий. Уг ажил ямар шатандаа яваа бол?
-Угсармал орон сууц олонтой тойргоос сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд, Сангийн сайд болон бусад албаны хүмүүстэй нийслэлийн удирдлага удаа дараа уулзсаны дүнд 2019 оны улсын төсөвт барилгын гадна фасадны дулаалгад 6.5 тэрбум төгрөг тусгуулсан. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэг дэх угсармал 24 сууцыг дулаалж байна. Тав, ес, 12 давхар орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын зураг төслийг 2016 онд боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан юм. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн төвтэй хамтран орон сууцны барилгын эрчим хүчний алдагдалд аудит хийлгэсэн. Эдгээр орон сууцны эрчим хүчний хэрэглээ норматив хэмжээнээс их байгаа.
-538 орон сууцыг дулаалахад хэчнээн төгрөг шаардлагатай юм бол. Санхүүжилтийг хэрхэн босгох вэ?
-ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран угсармал орон сууцны гадна талыг дулаалах туршилт, судалгаа хийсэн. Барилгын заадсаар дулаан их алддаг юм билээ. Мөн 168 барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлсэн. Тиймээс улсын төсвөөс гадна гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилт олох шаардлагатай. Зөвхөн гаднах фасад биш, хана, хаалга, дээвэр гээд иж бүрэн дулаалахад нийт 431 тэрбум төгрөг хэрэгтэй. Одоогоор Олон улсын хүлэмжийн хийг бууруулах сангийн I шатны шалгаруулалтад “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл” шалгарч, 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар зөвлөлдөж байна.
Бэлтгэсэн: О.Ундрах