-Хичээлийн шинэ жил эхэлж, Улаанбаатар хотын хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ халаасны хулгай гаардаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор автобусанд суурилуулсан камер ажиллаж байгаа юу?
Ж.Баярцэцэг (Баянзүрх дүүргийн V хорооны иргэн)
-Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамтран энэ оны долдугаар сард автобуснуудын дийлэнхэд нь камер суурилуулсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, жолооч нарын хариуцлагыг нэмэх, халаасны хулгайчдаас сэргийлэх, гэмт хэргийг багасгах зорилгоор 19 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусанд тус бүр дөрвөн ширхэг камер суурилуулсан. Зуны улиралд хот хүн багатай байдаг учир 800 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим эвдэрч гэмтсэн автобуснуудыг тухайн өдөрт нь үйлчилгээнд явуулдаггүй. Харин есдүгээр сараас өдөрт 900 орчим автобусаар иргэдэд үйлчилнэ.
Х.Булгаа (Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга)