Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес эрхлэгчдийн ажиллах орчин, үйл ажиллагааг дэмжих талаар Засгийн газраас баримталж буй бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бизнесийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлаа бид ний нуугүй ил тод ярих нь чухал. Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аливаа этгээдтэй хатуу хариуцлага тооцно. Тооцсоор байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт гаргаж байгаа шийдвэрүүд гэхэд бизнесийн орчинд ургасан хог шарилжаа зулгааж байгаа асуудал болохоос биш зүлгээ устгаж байгаа явдал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс төр, бизнесийн хүрээнд сүлжээ үүсгэн хууль бус монофоль эрх тогтоож байгаа асуудалтай хатуу тэмцэж, таслан зогсоохын төлөө ажиллана” хэмээв.
Бизнес эрхлэгчдийн зүгээс явуулж буй үйл ажиллагааны чиглэлд нь тааруулж уян хатан татварын бодлого хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулах, шинжлэх ухаан, инновацийн ололтыг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хог хаягдлын менежментийг нэн даруй шинэчлэн хэрэгжүүлэх, бизнес дэх улс төрийн нөлөөллийг зогсоох, намчирхах үзлийг халах, авлига хээл хахуулийг устгах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна зэрэг саналыг холбогдох салбарын сайд болон Хотын даргад хэлж, эдгээрт чиглэсэн тууштай бодлогыг Засгийн газраас авч хэрэгжүүлэхийг хүслээ. Мөн салбар бүрт тулгамдаж буй асуудлаар Засгийн газартай хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, шийдэл гаргаж явах саналыг бизнес эрхлэгчдээс гаргасан. Уг саналыг Ерөнхий сайд дэмжиж, улирал тутамд бизнес уулзалт хийнэ гэдгээ хэлэв.
Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой бизнес эрхлэгчдийн зүгээс хэлсэн хэд хэдэн саналд хотын Захирагч байр сууриа илэрхийлж, хариулт хэлэв. Тэрбээр “Агаар орчны бохирдол, хог хаягдал, хот төлөвлөлт, зам, дэд бүтэц, эрүүл мэнд гээд олон тулгамдсан асуудал нийслэл хотод байна. Энэ бүх асуудлын ард аж ахуйн ажил хийж, бизнес эрхлэн баялаг бүтээж байгаа, үнэ цэнийг мэдэрдэг, хариуцлагыг ухамсарладаг бизнес эрхлэгч та бүхний хамтын оролцоотойгоор гарна” гэдгийг онцлоод “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно” гэдгийг хэлсэн юм.