Өнгөрсөн бямба гарагт Германы “Кельн” багийн хөгжөөн дэмжигчид “Борусси”-гийн эсрэг, улирлын эхний тоглолтын өмнө хотынхоо сүмд очиж, багийн сүлд дууг дуулжээ. Эл уламжлал таван жилийн өмнөөс эхтэй боловч тус хотын хамгийн алдартай зан үйл энэ биш юм.
“Кельн” багийн талбайдаа хийх тоглолт бүрийн өмнө ямаа цэнгэлдэхэд нь орж ирдэг. Дортмундын багийн эсрэг тоглолтод Хеннес-IX анх удаа эл хүндтэй үүргийг гүйцэтгэжээ. Харин 2008 оноос хойш “Кельн”-ий бэлгэдэл болж ирсэн Хеннес-VIII эрүүл мэндийн шалтгааны улмаас тэтгэвэртээ гарсан аж.
Хеннес-IX өнгөрсөн жил төрсөн бөгөөд Кельн хотын амьтны хүрээлэнд данстай юм. Түүнээс гадна Хеннес-IX бол Германд нэн ховор, устах аюулд өртөөд буй “Bunte Deutsche Edelziege” үүлдрийнх юм. Эл үүлдэр нь үлэмж том биетэй гэдгээрээ онцгой.
Ингэхэд ямар шалтгаанаар ямаа хөлбөмбөгийн багийн бэлгэдэл болов? Энэ түүх “Кельн” баг байгуулагдсаны хоёр жилийн ойн баяраас буюу 1950 оноос эхлэлтэй. Тус хотын циркийн захирал Карол Уильямс “Кельн”-ий ерөнхий дасгалжуулагчид баяр наадмын үеэр яагаад ч юм ямаа бэлэглэжээ. Карол сүсэг бишрэлтэй хүн байсан уу, эсвэл хотынхон ямаанд хайртай байсан уу, алин боловч тэр цагаас хойш ямаа “Кельн” багийн бэлгэдэл болж хувирав. Дасгалжуулагч Хеннес Вайсвайлер ямааг өөрийн нэрээр нэрлэсэн бөгөөд түүнээс хойш Хеннес-I, II, III нар тус багт аз авчирдаг амьтны үүргийг нэр төртэй гүйцэтгэх болжээ. Тэр байтугай багийн логонд дүрслэгдсэн байсан Кельн хотын сүмийг ямаагаар сольсон байна.
“Кельн” багийн түүхэн дэх хамгийн “амжилттай” ямаа бол Хеннес-IV юм. Түүнийг амьд ахуйд баг нь 1977-1978 оны улиралд Бундеслиг болон Германы цомд түрүүлж байв. Аварга цолоо тэмдэглэх баярын жагсаалын үеэр Хеннес-IV хөлбөмбөгчидтэй хамт дээгүүрээ нээлттэй автобусанд сууж, баяр хөөрийн гол дүрийн нэг болж байлаа.
“Кельн”-ий бүтэлгүйтэл ч мөн ямаатай салшгүй холбоотой. 1996 онд Хеннес-VI “Карлсруэ” багийн эсрэг тоглолтын үеэр гэнэт өвдсөн байна. Долоо хоногийн дараа ямаа үхэж, багийн амжилт ч уруудав. Мөн улиралд “Кельн” доод лиг рүү арай л уналгүй, Бунгдеслигт арайхийн үлдсэн аж.
Хеннес бол тоглолт бүрийн өмнө цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрч үзэгчдийг баясгадаг бэлгэдэл төдий амьтан биш юм. Тэрбээр багт жил бүр хоёр сая еврогийн орлого оруулдаг байна. Тодруулбал, “Кельн”-ий албан ёсны дэлгүүрт ямаатай холбоотой тоглоом, хүүхдийн хувцас, ямааны хөлтэй талх шарагч гэх мэт олон бүтээгдэхүүн зардаг юм. Түүнээс гадна инстаграм, фэйсбүүкт Хеннесийн албан ёсны хуудас хүртэл бий.
Бэлтгэсэн: Н.Энх