Халх голын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Нийтийн тээврийн газар, Соёл урлагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Халх голын ойн баяраар ОХУ-даа төдийгүй дэлхийн 70 гаруй оронд аялан тоглолтоо хийсэн А.В.Александрын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулга Улаанбаатар хотод ирж тоглохоор болжээ. Уг чуулга нь Монгол Улсад анх удаа ирэх гэж байгаа бөгөөд тоглолт хоёр удаа болох юм. Эхний өдөр буюу энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагаас ахмад дайчид болон зочид төлөөлөгчдөд тоглох бол маргааш нь Сүхбаатарын талбайд 20.00 цагаас иргэд, жуулчдад зориулж тоглох аж. Мөн ойн баярын хүрээнд “Алдар” спорт хороо “Бэсрэг наадам” зохион байгуулахаар болжээ. Наадам энэ сарын 28-нд 12.00 цагаас Хүй 7 худагт болох ба 64 бөх барилдаж, сурын, шагайн харваагаар тамирчид цэц мэргэнээ сорих юм. Бэсрэг наадмын дараа ОХУ-ын агаарын хүчний гвардын “Русские Витязи” баг уран нислэгийн үзүүлбэрээ үзүүлэхээр болжээ. Хүй 7 худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шар гэсэн гурван байршлаас автобус 28-ны өглөө хөдлөх юм.
Э.Булган