Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэхтэй зэрэгцээд сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буй билээ. Уг нь үүнээс урьтаж нийслэлийн авто замыг бүсчлэн хувааж, хөдөлгөөний ачааллыг багасгах санал холбогдох байгууллагын мэргэжилтнүүд гаргасан ч иргэд дэмжээгүй. Тиймээс нийслэлийн Засаг дарга өчигдөр захирамж гаргаж, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын энэ сарын 22-ны А/859 дугаартай Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамжид заасны дагуу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 буюу тэгш тоогоор төгссөн автомашинууд наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцож болох юм байна. Харин 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой цифрээр төгссөн автомашинуудыг наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд баруунаас зүүн тийш Саппорогоос Чулуун-Овоо, хойноос урагш 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэлх замд оролцуулах аж.
Г.Равжаа