Автозамын нүхжилт замын хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг. Нүхжилт үүсэх шалтгаан болоод хурдан хугацаанд нөхөж засах асуудлын талаар мөн үерийн ус зайлуулах шугам хоолой нийслэлийн хэмжээнд хүрэлцээтэй бий юу гэдэг асуудлаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
-Зам талбай эвдэрч нүхжилт их үүсээд замын хөдөлгөөнд саад учруулж байгаад иргэдийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг. Үүссэн нүхжилтийг тэр дор нь яагаад засаж болдоггүй юм бэ?
-Сүүлийн үед усархаг бороо их хэмжээгээр орж байна. Үүнтэй холбоотой замын эвдрэл нүхжилтийн төсөв тооцоог бид гаргаж, холбогдох удирдлагуудад мэдэгдээд яаралтай арга хэмжээ аваад ажиллаж байна. Нүхжилтийг яагаад тэр дор нь засахгүй байна вэ гэхээр нэгдүгээрт, бид технологийн горим алдагдуулах ёсгүй. Өнөөдөр бороо ороод маргааш нар гарсан ч зам бүрэн хатаж амжихгүй байна. Бид эхний ээлжинд усаа соруулаад дараа нь тухайн үүссэн нүхэн эвдрэлийн хөрсийг хатахыг хүлээдэг. Хатаахгүй шууд нөхөлт хийхээр технологийн горим алдагдаад үр дүнгүй ажил болдог. Технологийн горим алдагдуулахгүйн тулд шат дараатай ажлууд хийгддэг. Үүнийг иргэд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид маань ойлгодоггүй.
-Замын нүхжилт үүсэх шалтгаануудыг дурдаач. Дан ганц борооны уснаас болж нүхжилт үүсэхгүй байх. Ер нь нийслэлийн хэмжээнд автозамын ус зайлуулах шугам хоолой хангалттай бий юу?
-Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гэр хороолол руу холбоос замыг тавих бодлогыг түлхүү барьж ажиллаж байна. Энэ тавьсан зам маань өөрөө гадаргуугаар усаар зайлуулаад үерийн ус нь урсах ёстой. Гэтэл иргэн, аж ахуйн нэгжүүд маань хууль бусаар дур мэдэж үйл ажиллагаа эрхлэхдээ гуу жалгыг хог шороогоор дүүргэх, эсхүл нягтаршилт үүсгэх, үерийн ус урсах голдрилыг өөрчлөх зэрэг асуудлууд их гардаг. Үерийн усыг авто зам руу орох цаашлаад ус зайлуулах шугам хоолойг хог шороогоор дүүргэж ус зайлуулах боломжгүй болгох явдал маш их байна. Нэг ёсондоо автозамуудын үерийн ус зайлуулах шугам хоолой маш их хог шороо лаг шавраар дүүрч усаа зайлуулах боломжгүй хүндрэлүүд их үүсэж байна. Геодизи, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтраад 24 цагаар шуурхай арга хэмжээ аваад бөглөрч ус зайлуулах боломжгүй болсон шугам хоолойг засах, усыг соруулах зам талбайг аюулгүй болгохоор ажиллаж байна. Е март буюу Чингис зочид буудлын хэсэгт нуур шиг ус тогтож, автомашин хөвж байсан удаатай. Холбогдох албаныхан тухайн хэсэгт шугам хоолойг өргөтгөх засах ажлуудыг хийснээр энэ жил ус тогтохгүй байгаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас замын хөдөлгөөний ачаалал ихтэй газруудад шугам хоолойг засах, өргөтгөх дүүрсэн хог шороо лаг шаврыг соруулах ажлуудыг эрчимтэй хийгээд явж байна.
Бид нүхжилт үүсэж байгаа шалтгааныг тогтоож буруутай компани, иргэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцдог байх зарчмаар ажиллаж байгаа.
Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод бүтээн байгуулалт маш их өрнөж байгаа энэ үед барилгын компаниуд бараа материалаа тээвэрлэхдээ нэг дугуйн дээр жин тонны даацыг хэтрүүлснээс болж өндөр насжилттай автозамуудад дугуй мөрний ховил гарч торон хагарал үүсээд энэ нь цаашлаад бороо усанд идэгдээд нүхжилт үүсэх том шалтгаан болоод байна. Бид нүхжилт үүсэж байгаа шалтгааныг тогтоож буруутай компани, иргэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцдог байх зарчмаар ажиллаж байгаа.
-Та барилгын компаниуд ачилт хийхдээ даац хэтрүүлснээр дугуй мөрний ховил гараад торон хагарал үүсч, нүхжилт үүсээд байна гэлээ. Энэ мэтчилэн буруу үйл ажиллагаа явуулж байгаа үерийн далан хааж барилга барих цаашлаад автозам усаар дүүрэх улсад хохирол учруулсан тохиолдолд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Саяхан Нисэх Яармагийн хэсэг Наадамчдын талбайн урд хоёр километр орчим автозамд үерийн ус бууж усанд автсан. Үерийн ус буусан шалтгааныг олж тогтоогоод буруутай үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжид хариуцлага ноогдуулах улмаар авто замыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзлах үүргийг Хотын Захирагч өгөөд одоо хэвийн байдалд оруулсан байгаа. Энэ мэтчилэн хэд хэдэн байршилд буруутай аж ахуйн нэгж, иргэнийг тогтоож хариуцлага тооцож өөрсдийн хөрөнгөөр нь эвдрэлийг засах тохижуулах ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжүүд маань дур мэдэж үерийн даланг шуудууг хаах голдрилыг өөрчлөхгүй байх, жалга шуудууг хогоор битгий дүүргээч ээ гэж хүсэх байна. Зохих ёсны зөвшөөрлүүдийг нь авах хэрэгтэй. Энэ мэтээс болж замын ус зайлуулах шугам хоолой хог новшоор дүүрэх битүүрэхээс авахуулаад хүндрэлүүд үүсээд байна. Автозам хаана эвдэрч нүхжилт үүссэн байна, ус тогтож байна, хаана явган хүний зам талбай эвдэрсэн байна вэ гэдэг асуудалд буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.