Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зөвшөөрөлгүйгээр барилга барьж болж байна. Үүнийг нийслэлчүүд саяхан харлаа, мэдэрлээ. Зэлүүд шахам байсан Яармагийн замын урд талын хэсгийг өдгөө өчнөөн барилга эзлээд байгаа билээ. Тэдгээрийн дотор хуулиас дээгүүр “гишгэсэн” 15 байшин бий. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд барилгаа гялс барьж дуусгаад, алга болчих санаатай байсан бололтой, зарим нь ямар ч зөвшөөрөлгүй ажил эхэлсэн, нэг хэсэг нь үерийн суваг шуудууг таглаж, нийтийн эрх ашигт халдсан. Гэсэн ч тэд бороо орохыг тооцоолсонгүй.
Ганцхан өдөр буюу энэ сарын 5-нд орсон аадар барилгуудынх нь чанарыг “шалгаж”, зөрчлийг илрүүлэв. Хэрэв бороо ороогүй бол энэ тухай олон нийт мэдэхгүй өнгөрч, зөвшөөрөлгүй, зөрчилтэй 15 барилгыг хэдийн барьж дуусган, хэн нэгэнд худалдчих байсан биз ээ.
260 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРАВ
Хан-Уул дүүргийн IV хороо, Наадамчдын гудамжны авто замын зорчих хэсэг үерт автсаны улмаас эвдэрч, явган хүний зам урсав. “Талст ширээт” компаниас болж ийм асуудал үүссэн гэж холбогдох албаныхан тухайн үед мэдээлсэн юм. Нөхцөл байдлыг тодруулж, буруутай этгээдүүдэд арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан. Нийт 15 барилга авто зам, замын байгууламж, үерийн далан, суваг шуудууг тагласан зөрчилтэй нь ажлын хэсгийнхний шалгалтаар илэрчээ. Тэдгээр барилгын балгаар уулнаас урссан үерийн ус хаалт, хамгаалалтгүйгээр “гүйж”, авто замын зорчих хэсгийг дүүргэв.
Үүнээс болж 60 сая төгрөгийн шууд хохирол учирчээ. Шууд гэдэгт үерийн улмаас хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэх, хүн хүчний зардал зэргийг тооцсон гэсэн үг. Түүнчлэн шууд бусаар 200 гаруй сая төгрөгийн хохирол гарсан гэнэ. Эл ангилалд нь үерийн улмаас талхлагдсан мод зүлэг, эвдэрсэн зам, талбайг оруулсан байна.
УДАА ДАРАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН Ч ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Зөрчилтэй барилгуудын асуудал бороо орохоос ч өмнө сөхөгдөж байж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлээгүй, тартагт нь тулгажээ. Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулсан “Талст ширээт”, “Хөрш заанууд”, “Амундра” гэх компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр дээрх газраас гаргасан ч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлээгүй аж. Жишээ нь, өнгөрсөн тавдугаар сарын 20-нд хийсэн хяналт шалгалтаар “Талст ширээт” компанийнханд барилга угсралтын ажлаа зогсоох шаардлага тавьжээ. Ингэхдээ цахилгааныг нь хязгаарлах албан бичгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид хүргүүлсэн байна. Гэсэн ч цахилгааныг нь хязгаарласангүй, “Талст ширээт”-ийнхэн барилгын ажлаа үргэлжлүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн сарын 8-нд “Талст ширээт”, “Бөх бат” компанийн барилгын талбайд шалгалт явуулахад ус зайлуулах байгууламжгүй нь илэрчээ. Тиймээс ус зайлуулах байгууламжийн зураг төслийг шинэчлэн боловсруулах нь зүйтэй гэж үзсэн гэнэ. Мөн үерийн усыг нэг сувагт цуглуулж, авто зам доогуурх хоолойтой холбон, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Хамгийн гол нь ус зайлуулах байгууламжийг бүрэн төлөвлөсөн барилгын зураг төслийг л баталж байхыг холбогдох албаныханд сануулсан аж. Гэсэн ч уг шаардлагыг хэн ч биелүүлсэнгүй.
БОАЖЯ ГАЗАР ОЛГОЖЭЭ
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр Яармагт нэг хорооллын хэмжээний олон, зөрчилтэй барилга барьчихаад байхад яагаад одоо л арга хэмжээ авч байгааг холбогдох албаныхнаас тодрууллаа. Эл асуудлын үндэс суурийг тавьсан гол буруутан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) гэнэ. Улсын тусгай хамгаалалттай бүсэд газар олгох, ашиглах зөвшөөрөл өгөх эрх зөвхөн тус яаманд л бий. Үүний дагуу тэд Яармагийн газрыг аж ахуйн нэгжүүдэд хуваарилсан байна. Тухайлбал, дээр нэр дурдсан компаниудаас “Бөх бат”-д БОАЖ-ын сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 16-ны тушаалаар 3.27 га газрыг таван жилийн хугацаатай ашиглуулах болжээ. Мөн сайдын тушаалаар “Чинбулаг” компанид хоёр га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн аж.
Тусгай хамгаалалттай бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар л газар ашиглуулах хуультай. Уг нь БОАЖ-ын сайдын тушаалд ийм зориулалттайг нь онцлон бичсэн. Гэхдээ “Аялал жуулчлалын зориулалтаар ашиглана” гэдэг өгүүлбэр сайдын тушаал дээр л байхаас бус, бодит байдалд хэрэгждэггүйг дээр доргүй мэдэж байгаа. Яам газар олголоо, дээр нь юу барихаа авсан хүн өөрөө л шийддэг “журам” энд үйлчилжээ. Өөрөөр хэлбэл, дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амыг аж ахуйн нэгжүүдэд өгч, орон сууцаар дүүргэсэн жишээ Яармагт давтагдлаа гэсэн үг. Нэгэнт сайд тушаал гаргасан тул компаниудын газар ашиглах эрхийг шууд цуцлах эрх нийслэлийн удирдлагад байхгүй.
Хашаа, байшин буулгаж, чөлөөлөн илүү зардал гаргахгүйгээр барилга барьж болох сул чөлөөтэй газар Улаанбаатарт тун бага үлдсэний нэг хэсэг нь Яармагт бий. Өөрөөр хэлбэл, хотын ихэнх хэсгийг эзэлж буй гэр хорооллынхны газрыг авч, орон сууц барихын оронд хоосон талбайд дураараа дургих сонирхолтой аж ахуйн нэгж цөөнгүй. Тэдний балгаар Яармаг сүүлийн хоёрхон жилийн дотор бетон “ширэнгэ” болчихлоо гэж олон нийт шүүмжилж буй. Тиймээс энэ хэсэгт дахин бүү газар олгооч гэсэн хүсэлтийг нийслэлийн ЗДТГ-аас БОАЖЯ-нд тавьжээ. Хэдийгээр ихэнх хэсэгт нь барилга барьсан ч үлдсэн нэгж талбаруудыг зөв ашиглах, цаашлаад сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв барих төлөвлөгөө боловсруулахаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан ажиллаж байгаа юм билээ.
ҮЕРИЙН ДАЛАН ХААЖ БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИУД ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА
Уг асуудлыг шийдэхээр байгуулсан ажлын хэсгийнхэн “Талст ширээт”, “Бөх бат” зэрэг зөрчилтэй барилга барьсан аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Юуны өмнө тэдгээр компанид хохирлыг нөхөн төлөх, үерийн далан суваг барих 20 хоногийн хугацаатай үүрэг өгчээ. Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар “Үерийн далан байхгүйгээс зам усанд автсан. Бид газар дээр нь ажиллаж, зөрчил гаргасан компаниудын үйл ажиллагааг зогсоон, цахилгааныг нь тасалсан. Аж ахуйн нэгжүүдэд 20 хоногт багтаан бүх хохирлыг барагдуулж, үерийн далан, суваг шуудууны зураг төслийг батлуулаад, өөрсдийн хөрөнгөөр барих шаардлага тавиад байна.
Компаниуд ч үүнийг хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулахаа илэрхийллээ. Шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид барилгын ажлыг зогсоох, улмаар нураах хүртэл арга хэмжээ авахыг сануулсан. Ер нь цаашид нэг, хоёр жилийн настай бус, 5-10 жил гар хүрэхээргүй зам бариулахад анхаарч байгаа. Үүний тулд стандарт мөрдүүлэх нь чухал. Барилга барьж болно. Гэхдээ чанар, стандартын дагуу, хотын өнгө үзэмжид нийцсэн, эрүүл, аюулгүй орчны шаардлага хангасан барилга, байгууламж барихыг аж ахуйн нэгжүүдэд хатуу анхааруулж байгаа. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр энэ жил Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар байгуулсан. Стандарт зөрчсөн, орчны аюулгүй байдал хангаагүй зөрчил бүрийг тус газрынхан илрүүлж, арга хэмжээ авч байгаа” хэмээсэн юм.
Нэгхэн газарт үер буухад асуудалтай 15 барилга илэрсэн юм чинь хотын хэмжээнд томоохон дорвитой шалгалт явуулбал өчнөөн зөрчил тодрон гарах биз ээ. Ийм зөрчлүүдийг илрүүлж, манай улсад төр, хууль хоёр байгаа гэдгийг буруутай этгээдүүдэд харуулах цаг болжээ.
Бэлтгэсэн: Ч.Мөнх