- Төрийн ажлыг гацаадаг компаниудын гэрээг цуцалж эхэллээ –
Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэр дэх 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөл. Энэ сарын 1-нд ашиглалтад орох байсан 240 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэг гүйцэтгэгч компанийнхны балгаар ажил нь 45 хувьд хүрээд зогсжээ.
Сургууль, цэцэрлэгийн барилгын тоосго бүрийг хүүхдийн төлөө өрөх ёстой гүйцэтгэгч компаниудын зарим нь “зоосны нүхээр” шавар зуурдаг болов. Улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, барилга барих нэрээр “араг яс” босгочихоод алга болдог, олон жил “царцаадаг” жудаггүй хүн олширчээ. Чанарын шаардлага хангахгүй материал ашигласнаас болж объект нурах, хана, туурга, шал нь цөмөрч, цуурсан тохиолдол цөөнгүй гарах болсон. Иймэрхүү алдаа гаргасан компаниудад хариуцлага тооцдог механизм сулаас “толгойг нь илээд” өнгөрдөг байв. Харин одоо улсын төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтыг гацаасан, муу түүхтэй барилгын компаниудыг хуулийн дагуу шийтгэх болсныг дуулгая.
Яаж гэж үү. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өнгөрсөн гуравдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс мөрдсөн уг хуулиар бол хариуцлага алдсан барилгын компаниудыг хар жагсаалтад оруулах нөхцөл бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, итгэл даагаагүй аж ахуйн нэгжийг уг жагсаалтад бүртгэж, цаашид улсын төсвийн хөрөнгөөр босгох ямар ч бүтээн байгуулалт, тендерт оролцуулахгүй байх боллоо. БСШУСЯ салбарын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, технологийн томоохон алдаа гаргасан, ажлаа хийдэггүй гурван компанид эхний ээлжид хариуцлага тооцох болсноо мэдээлэв.
Төрийн ажлыг оромцоглон, баллуурддаг компаниудад ташуур өгөх хар жагсаалтад боловсролын салбараас хамгийн түрүүнд бүртгэгдэх магадлалтай нь “Хангайн хятруун” ХХК аж. Тус компанийнхан өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэр дэх 165 дугаар цэцэрлэгийг өргөтгөх тендерт шалгарч, ажлаа эхлүүлжээ. Улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр барьж буй 240 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэгийг уг нь энэ сарын 1-нд ашиглалтад оруулах ёстой байсан ч талаар болов. Учир нь дээрх компанийнхан барилга угсрах явцад зохих стандарт, дүрэм, журам баримтлаагүйгээс даацын хана, шал нь цөмөрч, хана тогших төдийд шавар нь нурсан талаар тухайн газарт ажилласан мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлсэн. БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан энэ талаар “Хангай хятруун” ХХК барилга барихдаа технологийн алдаа гаргасан. Үүний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр таван төрлийн зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоосон юм. Улсын байцаагчийн актын дагуу тус компанийнхантай бид удаа дараа уулзаж, шаардлага тавьж ирсэн. Ингээд зургадугаар сард ажлаа үргэлжлүүлж, 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгнө гэсэн боловч амлалтдаа хүрсэнгүй. Гүйцэтгэгч талынхан 2-3 сар сураггүй алга болсон. Захиалагчийн тавьсан үүрэг, шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 9-ний 2/7138 тоот тушаалаар тус компанитай хийсэн гэрээг цуцалж, шаардлага хүргүүлсэн. Гэрээг цуцлахаас өмнө “Хангайн хятруун” ХХК-ийнхан барилгын 45 хувийг гүйцэтгэсэн мөнгөө авсан” гэж ярилаа.
Хар жагсаалтад ортлоо хариуцлага алдсан дараагийн компани нь “Баянмогод” гэнэ. Тус компанийнхан төсвийн хөрөнгөөр Архангай аймгийн Хангай, Говь-Алтайн Халиун сумд хоёр цэцэрлэг барьж байгаа нэрээр бас л ажил баллаж, гацаажээ. Хангай сумд цэцэрлэг барих газар нь цэвдэгтэй гэсэн шалтгаанаар тэд жил гаруй зүгээр суужээ. Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг технологийн дагуу шийдэх боломж байсан ч хөдлөөгүйг албаныхан хэлсэн юм. Халиун сумын цэцэрлэгийн барилгын ажил бас л хангалтгүй. Ажлын талбай дээр 4-5 хүн л бөвтнөж байгаа харагддаг тухай Ч.Энх-Амгалан дарга өгүүлсэн. “Баянмогод” ХХК-ийн барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа учир хариуцлага тооцуулахаар удирдлагыг нь дуудуулсан ч ирээгүй аж. Тиймээс гэрээг цуцлах талаар ярьж эхэлжээ.
Орон нутагт цөөнгүй бүтээн байгуулалтад оролцдог “Хөвсгөл геологи” ХХК-ийн нэр бас жагсаалтад орох сурагтай байна. Дорнод аймгийн Матад сумд барих ёстой Соёлын төвийн барилгын ажлыг тэд шалтгаангүйгээр “царцаажээ”. Барилгачид нь ажлаа хийхгүй, 2-3 сар алга болж, албаныхны анхаарлыг татсан хэрэг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын бүтээн байгуулалтыг одоогоор 500 гаруй компани гүйцэтгэж байна. Тэдгээрээс ноцтой алдаа гаргаж, хариуцлага алдсаных нь гэрээг эхнээс нь ийнхүү цуцалж, хар жагсаалтад оруулах хүсэлт илгээнэ гэдгээ Ч.Энх-Амгалан уламжилсан.
Үүнээс гадна барилгын компаниудын ажил удааширч байгаа хэд хэдэн шалтгааныг албаны хүмүүс онцоллоо. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдэд тохиолддог нийтлэг дутагдал нь хүний нөөц хангалтгүй, мэргэжлийн инженер, техникч дутмаг аж. Улсын хэмжээнд бүх салбарт бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ үед өдөрт 50-60 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байгаа гэнэ. Бас өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн орсон борооны улмаас барилгын ажлууд нэлээд саатжээ. Мөн сургууль, цэцэрлэг өргөтгөх, давхарлаж барих зэрэг ажлыг заавал хичээл тарсны дараа эхлүүлэх шаардлагатай тул ашиглалтад оруулах хугацаа хойшилж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. Нөгөөтээгүүр, санхүүгийн чадамж муутай зарим компани тендерт шалгарсан нь санхүүжилт хүлээхгүйгээр ажлаа явуулах боломжгүйд хүрдэг байна. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ажлуудыг улс үе шаттай шалгаж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг тул мөнгөгүй компаниуд ажилд нэмэр болохоосоо тээг болох нь их гэсэн.
Ажлыг хариуцлагатай, сэтгэлтэй хийдэг, үлгэр авахуйц компани олон бий. Тухайлбал, “Батс өргөө” ХХК-ийнхан нийслэлийн 21 дүгээр сургуулийг буулган, шинээр барьж байна. Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн томд тооцогдох, нэг ээлждээ 1500 хүүхэд хичээллэх хүчин чадалтай, таван блок барилгыг тус компани 150 хоногийн дотор барьжээ. Эл барилгыг ирэх сард ашиглалтад оруулах бөгөөд нийт 4000 хүүхэд шинэ танхимд хичээллэх нь. Төрийн ажлыг ингэж хийдэг бол түмний хүүхдүүд зүдрэхгүй.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилт дэвшүүлсэн. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэхээр салбарын яамныхан ажиллаж байна. Өдгөө нийслэлд өмнөх онуудаас шилжин барьж буй сургууль, цэцэрлэгийн 99 объект байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай. Үүнээс Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж. Орон нутагт сургууль, цэцэрлэгийн нийт 123 барилга барьж буйн 60 гаруй объект 70-80 хувийн, мөн тооны барилга 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгааг эх сурвалж мэдээлэв. Өнөө жил орон нутаг, тэр дундаа Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь зэрэг аймагт бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна.
Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдэгдэхгүй, үүний улмаас тендер зарлах, бүтээн байгуулалт эхлүүлэх хугацаа нэлээд хойшилдог болжээ. Тодруулбал, нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга нураах, өргөтгөх, шинээр барих зэрэг 49 төслийн ес нь газаргүйгээс болж эхлээ ч үгүй байхад хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа болно. Гэсэн ч одоогоор нийслэлд дөрвөн сургуулийг ашиглалтад оруулжээ. Ирэх сарын 1 гэхэд энэ тоо 13-д хүрэх бол 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн орон нутагт 10 сургууль, 21 цэцэрлэг нээх юм байна. Он дуусахаас өмнө улсын хэмжээнд нийт 21 000 хүүхдийн, 48 сургууль ашиглалтад оруулсан байхаар төлөвлөжээ. Тэгвэл эл хугацаанд цэцэрлэгийн ор 13 000-аар нэмэгдэх аж. Гэхдээ эдгээр нь бүгд шинэ объект биш. Өмнөх онуудаас шилжиж ирсэн, хуучныг буулгаж барьсан, өргөтгөсөн барилгууд ч багтжээ.
Шинээр барих, өргөтгөх сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг төр, засаг шийдсэн ч зураг, төсөл, тендер, газрын асуудлаас болж бүтээн байгуулалтын нийт хугацааны 50 хувийг алддаг байсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шинэчилснээр тендер явуулах хугацаа богиносож, ил тод болж, санал, гомдол гарах нь багассаныг БСШУСЯ-ныхан хэлсэн юм. Тодруулбал, энэ онд тус салбарт сургууль, цэцэрлэг, музей, спортын барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, их, дээд сургууль, цогцолбор барих зэрэг 381 төсөл эхлүүлжээ. Өдгөө гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах ажил 85 хувьтай, 130 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан нь өмнөх жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт юм билээ.