Сүхбаатар дүүргийн VIII хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах “ARB Mongolia” компанийн эзэмшлийн талбайд газар цөмөрчээ. Бороо их орсон нь хөрс нурахад нөлөөлжээ. Холбогдох мэргэжлийн байгууллагынхан өчигдөр тус газарт ажиллаж, цөмөрсөн газрын доор 6x8 метрийн хэмжээтэй зоорийн туурь байсныг илрүүллээ.
Энэ сарын 7-ны 17.00 цагийн үед нэгэн иргэн дээрх компанийн зогсоолд автомашинаа байрлуултал асфальт цөмөрч, нэг дугуй нь газарт шигдсэн байна. Дугуйгаа гаргах гэтэл цөмөрсөн нүх томорч эхэлсэн тул цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар өчигдөр Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан болон Улаанбаатар хотын төв музейн мэргэжилтнүүд тус газрыг хамгаалалтад авч, үзлэг хийв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Жаргалаас энэ талаар тодруулахад “Асфальтан зам цөмөрлөө гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Аврах 105 дугаар ангийнхан тус газарт үзлэг хийхэд чулуун ханатай, модоор бүрсэн зоорийн байгууламж олсон.
Олон жил болсон учир моднууд нь ялзарсан байна. Тиймээс эртний соёлын өвийн эд зүйлс байх магадлалтай гэж үзэн нийслэлийн Соёл, урлагийн газрынханд хандаж, үзлэг хийлгэлээ. Одоогоор хөрсний ус ихтэй учир бүрэн үзлэг, шинжилгээ хийх боломжгүй. Хэрвээ соёлын өвийн эд зүйлс байхгүй бол уг байгууламжийг буулгана” гэсэн юм. Нийслэлийн газар нутгаас урьд нь ийм төрлийн зүйл олдож байгаагүй бөгөөд 1930, 1940 оны мэдээллийн санд ч байхгүй гэж мэргэжилтнүүд хэлсэн. Улаанбаатар хотын төв музейн мэргэжилтэн О.Очбаяр “Улаанбаатарын газар нутгаас эртний соёлын өв олдвол хуулийн дагуу манай мэргэжилтнүүд хамгаалах, малтлага хийх үүрэгтэй. Уг газарт урьд нь Зүүн хүрээ байсан. Цаашид юу гарч ирэх нь судалж байж л тодорхой болно” гэв.