Хан-Уул дүүргийн IV хороо, Наадамчдын гудамж 2019.08.06, 14.00 цаг
ЗАМ ТАВИХДАА УСНЫ ШУУДУУ УХААГҮЙГЭЭС АЙЛ ӨРХҮҮД ҮЕРТ АВТЖЭЭ
Өнгөрсөн хоёр хоногт орсон ширүүн бороо нийслэлчүүдийг туйлдуулав. Байгалийн давагдашгүй хүч хэмээн албан тушаалтнууд өөрсдөөсөө бурууг түлхэж болох ч урьчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол нийслэлчүүд ингэтлээ тартагтаа тулахгүй байсан биз ээ. Борооны улмаас үүссэн нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Хамгийн эхэнд Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутагт очив. Тэндхийн 50 орчим айл үерт автжээ. Үерийн ус айлын хашаа, байшинд нь ч оржээ. Үерт автсан бурууг иргэд зам байгууламжтай холбон тайлбарлав. Тиймээс зам тавьж буй “Монгол зам” группийн захирал Ч.Батмөнхөөс дараах мэдээллийг тодрууллаа. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Сонгинохайрхан дүүргийн III хороонд 1.2 км зам тавьж буй. Бороо орсны улмаас хүндрэл гарсан. Өнөөдрийн байдлаар замын ажил бүрэн зогсчихоод байна. Зам барихаар төлөвлөсөн газар дахь цахилгааны хоёр шонг шилжүүлсэн. Борооны улмаас үер буулаа. Үерийн усыг зайлуулахаар суваг шуудуу ухаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна” гэсэн юм. Энд тавьж буй замын зураг төслийг “Ихэр мөнх” компанийнхан гаргасан гэнэ. Зураг төсөлд үерийн ус зайлуулах байгууламж огт тусгаагүй байсныг эх сурвалж хэлсэн.
Оршин суугчид дор бүрнээ гомдоллож “Бороо орсны улмаас шөнөжин ус шавхлаа”, “Зам барих нэрээр зүгээр байсан гүүрийг нурааж, гэрлийн зарим шонг буулгаснаас иргэд аюулгүй зорчиход саад боллоо”, “Зам тавихыг дэмжиж байна. Гэхдээ хүний амьдрах нөхцөлийг сайжруулсан бүтээн байгуулалт болсонгүй” зэргээр шуугилдав. Зам яагаад “буруудсныг” тодруулахаар орчин тойрныг судаллаа. Зам тавихдаа ус зайлуулах хоолой тавиагүйгээс айлууд үерт автжээ. Энэ талаар иргэн Э бидэнд “Манайх 32 жил энд амьдарч байна. Өмнө нь үерт автаж байсангүй. Өнгөрсөн зургадугаар сараас манай гудамжинд зам тавьж эхэлсэн. Ингэхдээ ус зайлуулах хоолой хийгээгүй. Би нийслэлийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, дүүргийн ЗДТГ гээд олон газарт гомдол гаргаж явсаар саяхан ганц нэг хоолой тавиулсан. Стандартын бус, маш жижиг хоолой тавьсан. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр тэр хоолой нь дорхноо шороогоор дүүрч, ус нэвтрүүлэх боломжгүй болсон” гэв. Тэрбээр 95 настай ээжтэйгээ амьдардаг гэнэ. Ээжийнх нь амьдардаг байшин нь тэр чигтээ үерт автаж, шавар шавхай, усаар дүүрчээ. Мөн хашаан дахь чингэлэгт нь ус орж, борлуулах гэж байсан цахилгаан бараанууд норж, гэмтсэн аж. Тус чингэлэгт 100 гаруй сая төгрөгийн бараа байсан гэх. Энэ бол зөвхөн нэг айлын жишээ. Хашаа битгий хэл гэр, байшин нь усанд автаж, орж, гарах аргагүй болсон айл өрхүүд тус 37, 38 дугаар гудамжинд цөөнгүй байв. Түүнчлэн айлуудын дуудлагын дагуу ирсэн нийслэлийн Онцгой байдлын газрынхан ус шавхах үйлчилгээ үзүүлдэг дуудлагын утасны дугаар өгөхөөс хэтрээгүй гэх гомдол ч гаргасан. Нэг иргэн гэр дотор нь үүссэн “нуур”-ыг шавхуулахын тулд онцгойгийнхонд 60 000 төгрөг төлсөн гэдгээ хэлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд энэ талаар “Төр иргэддээ үнэгүй үйлчилдэг. Тухайн иргэн хувийн байгууллагад хандаж үйлчилгээ авсан байх. Үдээс өмнө манай хэлтэст 17 дуудлага ирсэн. Бид 24 цагаар ажиллаж байна. Энгийн үед өдөрт 3-4 дуудлага ирдэг” гэсэн юм. Эндхийн зарим айл жалга байсан газрыг шороогоор дүүргэн тэгшилж, хашаа хатгасан гэдгийг иргэд хэлсэн.
“Хангай” зах орчмын албан байгууллага, айл өрх усанд автлаа гэх мэдээллийн дагуу тус дүүргийн VI хороо руу “чавхадлаа”. Онцгой байдлын
ажилтнууд хэдийн оччихсон байв. Аврагчид тус хорооны Тоосгоны 4-8 дугаар гудамжны өрхүүдэд зөвлөгөө өгөөд дараагийн дуудлагадаа явж байхтай таарсан. Иргэдийн зарим нь хашаан дахь усаа шавхаж, бусад нь арга ядсан байдалтай гудамжинд учраа олохгүй зогсов. Өрх толгойлсон эмэгтэй О “Энэ хашаандаа 10 гаруй жил аж төрж байна. Өнгөрсөн жилээс хашаа руу үер орох болсон. Энэ хавьд дулааны шугам тавих нэрийдлээр газар шорооны ажил эхлүүлсэнтэй холбоотой юм билээ. Энэ жил дутуу орхисон ажлаа гүйцээх нэрээр дахиад баахан газар ухаж иргэдэд хүндрэл учруулж байна. Дулааны шугам тавих ажил нь дуусдаг ч үгүй, иргэдийн амьдралд төвөг учруулах юм” гэлээ. Зарим айл ус соруулах дуудлага өгсөн ч “Усны түвшин 80 см-ээс дээш бол соруулна. Мөн ойр орчимд соруулсан усаа асгах шуудуу суваг нь байхгүй бол очих боломжгүй” гэж хариулжээ. Өчигдөр Баянзүрх дүүргийн Гал унтраах 63 дугаар ангид 22 дуудлага иржээ. Тус дүүргийн VIII, XIII, V, XI зэрэг хороонд жил бүр үер буудаг ч иргэд арга хэмжээ авдаггүй аж. Нөгөөтээгүүр, арваадхан айлд зориулж олон зуун сая төгрөг гарган, далан барих төсөв төр, засагт байхгүй гэнэ. Бороо орсны улмаас зам, талбайд ус тогтож, автомашинууд түгжирч байсан. Тиймээс бид цааш Баянзүрх дүүрэг дахь “Цайз” зах руу явж байтал Хан-Уул дүүрэгт илүү ноцтой байдал үүслээ гэсний дагуу чигээ өөрчиллөө.
НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШХИРАВ
Хан-Уул дүүргийн IV хороо, Наадамчдын гудамж тэр чигтээ усанд автжээ. “Талст ширээт” компанийнхан тус гудамжны урд хэсгийн авто замын төмөр бетон гүүр болон ус зайлуулах хоолойг хааж, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлснээс хүндрэл учирчээ. Үерийн ус зайлуулах хоолойг хааж барилга барьснаас ус зам руу орж, явган хүн битгий хэл автомашинаар зорчих аргагүй болжээ. Тухайн газарт өчигдөр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Авто замын хөгжлийн, Мэргэжлийн хяналтын, Онцгой байдлын, Хот байгуулалт, хөгжлийн газрынхныг дагуулан ирэв. “Талст ширээт” компанийнхан аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн доор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны зургадугаар сарын 17-ны өдрийн А/167 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн IV хороонд таван га газар авсан юм байна. Улмаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектор төлөвлөгөөний даалгавар болон загварын зургийн зөвшөөрөл авчээ. Энэ талаар тус газрын архитектор Б.Батцолмон “Манай байгууллагаас авсан хоёр зөвшөөрлөөс гадна ажлын зургаа гаргаж, холбогдох байгууллагаар батлуулан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл тэдгээрийг авалгүй дураар барилгаа эхлүүлжээ. Мөн бетон далан
бариагүй, ажлын дараалал, төлөвлөлтгүй барилга барьсан байна. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын гэрчилгээ аваагүй, усны суваг гаргаагүй, техникийн нөхцөл аваагүй, бетон далан хийгээгүй байсан” гэсэн юм. Харин “Талс ширээт” компанийн менежер “Далан барих зураг төслөө гаргачихсан байсан. Гэтэл нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Ажлаа түр зогсоо” гэсэн тул далан бариагүй” гэсэн юм. Тус компанийн талбайн зүүн талд нийслэлийн төр захиргааны байрны барилга барьж буй учраас тус газраас ийн хориглосон бололтой. Түүнчлэн нийслэлийн Газрын алба, хотын Засаг даргыг давж, сайдаас зөвшөөрөл авсан учраас хотын дарга эл шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн боломжгүй гэж үзэх хүн ч байна. Юутай ч хотын дарга тухайн газарт ажиллаж, учруулсан хохирлоо барагдуулахыг үерийн далан шуудуу дээр зөвшөөрөлгүй барилга барьсан компанийн удирдлагад санууллаа. Ганц энэ биш, өөр компаниуд ч Хан-Уул дүүргийн IV хороо, Нүхт орчмын үерийн даланг хааж барилга барьжээ. Хотын дарга энэ бүгдийг цэгцэлж, хариуцлага тооцно гэв.
ҮЕРТ АВТСАН АЙЛУУДЫН ИХЭНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАРТ БУУСАН
Уржигдар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV хорооны нутаг дэвсгэрт 20 байшин, 15 гэр, хоёр автомашин усанд автаж, 30 гаруй хүн үерийн усанд боогдсон байна. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 52 алба хаагч, 10 автомашинтайгаар оройжин ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн өдөр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас иргэдийн 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж 13 хүн үерийн усанд боогдсон гэнэ. Уулын амны ус их хэмжээгээр урссанаас замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна.
Хан-Уул дүүргийн Өлзийт хороо, Баянзүрх дүүргийн “Цайз” захын араар оршин суугчид, Налайхын Хонхор өртөөнийхөн усанд автаж хохирчээ. Энэ мэт 13 газарт нийслэлийн Онцгой комиссын гишүүд найман баг болон ажиллаж, аврах, ус соруулах, шуудуу гаргах зэрэг арга хэмжээ авч байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Усанд автсан айл өрхийн 90 хувь нь зөвшөөрөлгүйгээр үерийн аманд буусан. Өчигдөр Баянзүрх дүүргийн Өлийн гол орчмын айлууд үерт автлаа. Онцгой байдал болон нийслэлийн төр захиргааны байгууллагын бусад албан хаагч 24 цагаар ажиллаж, тэдэнд тусалсан” гэж хариулав.