Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Украйн Улсын “Энергоэксперт” компанийн ерөнхий захирал Иващенко Евген, “Теплонэнерго” компанийн захирал Римаренко Олег Владимирович нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар байлцав.
Монтеплон ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан хуримтлууртай теплон цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр Украйн Улсын “Энергоэксперт” болон “Теплоэнерго” компаниудтай хамтран ажиллаж байгаа аж.
Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар “Энэ төсөл нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй хотын алслагдсан дүүргүүдийн цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн барилга байгууламжид цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн хуримтлууртай орчин үеийн технологийн шийдэлтэй дулааны системийг нэвтрүүлэх зорилготой” хэмээн төслийнхөө талаар хотын захирагчид товч танилцуулга хийсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдмал дүүрэгт шинээр ашиглалтад орох хоёр сургууль, уурын зуух хэрэглэж байгаа хоёр барилгад тавих, цаашид хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.
Цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн дулаан хуримтлууртай төхөөрөмжийг Украйн Улс 2006 оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим барилга байгууламжид тавьж, амжилттай ашиглаж байгаа гэнэ. Халаах обьектынхоо хажууд байрлуулдаг учир шугам сүлжээний зардал гардаггүй, шөнийн цагаар тогоо хуримтлуулаад өдөрт нь цахилгаан зарцуулалгүй дулаан ялгаруулах боломжтой аж.