380 жилийн түүхт Улаанбаатар хот өнгөрсөн хугацаанд хөгжил, дэвшлийн тодорхой үеүдийг даван туулсаар өнөөгийн өнгө төрхөө олсон. Ялангуяа хотын төв гологдоод байхааргүй болсныг жуулчид болон эх орондоо удаан хугацаагаар амьдраагүй иргэд хэлдэг. Гэтэл XX зуунаасаа салаагүй үлдсэн нэг хэсэг хотын төвд бий. Тэр бол Гандангийн дэнж.
Тагтааны сангасаар дүүрч, будаа худалдахаар улайрах иргэдэд бүслүүлсэн Гандантэгчэнлин хийдийн үүднээс баруун, зүүн зүгийн хаашаа ч тав алхаад л гэр хороолол руу орчихно. Ойр орчимд нь шинэ содон байшин барилгууд сүндэрлээд байхад нүүрсээ түлж, модон жорлонд бие засаж буй айлууд тэнд цөөнгүй. Хотын төвийн хөрсний бохирдол тартагтаа тулсан. Тэр дундаа Гандангийн дэнж орчмын хөрсний бохирдол дээд цэгтээ тулж, тус хэсгийн гэр хорооллыг дахин төлөвлөхөөс өөр аргагүй болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Тэгсэн ч хотын төвдөө яндан өрдөж, ялгадсаа ханхлуулсаар л байгаа нь хүмүүс сонирхож, зорьж очих нь бүү хэл зугтаамаар. Гандангийн дэнжийн гэр хороолол нь 55 га талбайг хамардаг бөгөөд 31 гудамжинд 857 хашаа бий аж. Үүнд нийт 1875 өрх оршин суудаг гэнэ. Мөн 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Хийдийн төв хаалганаас урагшаа тав алхалгүй автобусны буудалд ад үзэгдэн хөөгддөг ТҮЦ-үүдээс ч жижиг, харанхуй, тохь тухгүй шашны эд зүйлс худалдах дэлгүүрүүд ярайна. Зарим нь дотроо зуух байрлуулж, хоол унд хийж зогсох нь энүүхэнд. Эдгээртэй зэрэгцэн үзэж, харж, мэргэ, төлөг, засал хийх хүмүүс ч дээрх дэлгүүрүүдээс дээрдээд байхааргүй барилгад иргэдэд үйлчилж суух юм.
Нэг үгээр хэлбэл, Гандантэгчэнлин хийдийн ойр орчимд жуулчид бүү хэл хотын иргэдэд эргэдэг, эргэдэггүй хэдэн хүрднээс өөр үзээд сонирхчих зүйл одоо болтол байхгүй байгаа нь харамсалтай. Одоо болтол хэмээн гаслахын учир нь энэ бол манай нийслэлийн аялал жуулчлалын цогцолбор буюу “жишиг” гудамж юм.
Баянгол дүүргийн XVI хороонд байрлах тус хэсгийн ойр орчмыг аялал жуулчлалын бүс болгоно хэмээн үе үеийн хотын удирдлага ярьсаар бараг 20 жилийг үдлээ. Өнгөрсөн хугацаанд хотын удирдлага дөрвөн ч удаа ерөнхий төлөвлөгөө баталсан байдаг.
Эргэн сануулахад, анх 2003 онд тухайн үеийн Дэд бүтцийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хүрээнд “Гандан хүрээ” нэртэй олон нийтэд зориулсан төв байгуулахаар төлөвлөжээ. Тухайн үеийн төлөвлөлтөөр Гандантэгчэнлин хийдийн өмнө газар доороо автомашины зогсоолтой, цамын талбай, баруун дөрвөн замаас хийдийн хаалга хүртэл Богдын найман дүр, найман тахилын чулуун сийлбэр бүхий талбай барих талаар уг төлөвлөгөөнд дурдсан ч санхүүжилтгүйн улмаас хэрэгжиж чадаагүй гэнэ.
Түүнээс хойш 2007, 2012, 2015 онд Гандан орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-аар баталсан ч бас л замхарсан.
Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгал, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр тусгасан. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн Хойд Азийн, соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болгох, гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газар байгуулах гэсэн сүржин заалтууд ч бий.
Эдгээрээс “биеллээ олсон” ганц ажил нь хоёр удаагийн шав тавих ёслол. С.Батболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ “их” ажлыг бүтээжээ. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны зургадугаар сарын 23-нд “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн шав тавих ёслолыг урлагийн тоглолт зэргээр чимэглэн сүр дуулиантай хийсэн санагдана.
Төслийн хүрээнд гурван гудамжны 74 нэгж талбарын 1.8 га газарт Гандангийн түүхэн хэв маягийг хадгалсан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн 300 айлын орон сууц, шашны эртний эдлэлийн дэлгүүр, хүрээ соёл, харуулсан музей, монгол үндэсний зоогийн газар, хувцас урлал, соёл урлаг, театр, гар урлалын үйлдвэр зэрэг инженерийн дэд бүтэцтэй нам болон дунд давхаргын аялал жуулчлалын загвар гудамж, хороолол бий болгоно хэмээн зарласан. Эдгээрийг хэрэгжүүлсэн бол 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын 20 хувь буюу 40 000 айлыг инженерийн шугам сүлжээнд холбож, үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувиар буурах байж. Даанч энэ “мөрөөдөл” биеллээ олох хугацаа болоход тавхан сар үлдлээ. Нэг ч хадаас хөдөлгөсөнгүй.
Уг төслийн ажлын явцыг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхээс лавлахад “Надад одоогоор мэдэх зүйл алга” хэмээн хэнэг ч үгүй хариулсан юм. Уг нь нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын сүр дуулиантай зохион байгуулсан шав тавих ёслолд оролцсон хүн шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах ёстой дарга нь ийм хариулт хэлсэн учир Баянгол дүүргийн XVI хорооны Засаг дарга Э.Одонхүүгээс Гандан орчимд төслийн хүрээнд ямар нэгэн ажил хийж байгаа, эсэхийг лавласан юм. Тэрбээр “2013 онд Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Гудамж” төслийг хэрэгжүүлж, хоёр гудамж тохижуулан, авто болон явган хүний зам барьсан. Мөн тухайн гудамжинд дулаан, цэвэр, бохир усны шугам татсан. Үүний үргэлжлэл болгож энэ жил дөрвөн гудамж тохижуулахаар төлөвлөөд, ажлаа эхлүүлээд байна. Одоогоор нэг гудамжийг тохижуулж дууслаа. Харин “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийн хүрээнд тухайн үед газраа чөлөөлсөн 18 айлыг түр байрлах байр луу нүүлгэснээс өөр хийсэн зүйл алга. Одоо тэр айлуудын хашаа хоосон, балгас болоод үлдлээ. Ажил нь яагаад зогссоныг мэдэхгүй юм” гэлээ.
Дээрх төслийг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хариуцдаг аж. Тиймээс тус газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Билгүтэгээс тодруулахад “Аялал жуулчлалын цогцолбор гудамж төсөл зогссон. Гандан орчмын гэр хорооллын айлууд газраа чөлөөлдөггүйгээс энэ ажил урагшлахгүй байна. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд 18 айл газраа чөлөөлсөн. Бид тус айлуудыг “Хангай” хотхонд байрлуулж байгаа. Айлуудын чөлөөлсөн газар нь нэг дор биш. Энд тэнд хэдхэн ам метр газар учраас ажил эхлүүлэхэд хэцүү” гэснээс өөр тодорхой зүйл хэлсэнгүй. Ямартай ч нийслэлийн удирдлагуудын Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох гэсэн ээлжит “сэрүүн зүүд” дахиад л замхарсан бололтой.
“Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төслийг хэрэгжүүлснээр Гандангийн ойр орчим ингэж өөрчлөгдөх байж