Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад холбогдох албаныхан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ШУА, нийслэлийн ЗДТГ 2010-2017 оны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудын товч танилцуулга, ШУА болон НЗДТГ хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Мөн ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал хурал”-ыг хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцов.
ШУА, нийслэл хоттой хэрхэн, ямар байдлаар хамтран ажиллах гэрээний төлөвлөгөө танилцуулгыг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хийв. Тэрбээр “Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран Инноваци, хөгжлийн төвд оюуны өмч, технологи дамжуулах, арилжах дэд бүтцийг байгуулан хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулахад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг сурталчлан таниулах зорилгоор нийслэлийн Боловсролын газартай хамтран ЕБС-иудад эрдэмтдийн лекц зохион байгуулах, Хот орчмын газар хөдлөлтийн голомтуудын талаар судалгаа хийх, гамшгийн эрсдэлийн талаар сургалт, семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалуудыг судалж, аялал жуулчлалын сүлжээ болгох, нийслэлийн үүсэл хот болох Сарьдагийн хийдийн дурсгалыг байгаль-соёлын аялал жуулчлалын төв болгох, хотын түүхчдийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн өгүүлээд энэ талын судалгаа, шинжилгээ хийж, хамтран ажиллах гэрээний төлөвлөгөөг гардуулж өгсөн юм.
Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат “Хотын удирдлагуудын зүгээс баримталж буй бодлого нь хүн амьдрахад таатай орчныг бий болгоё гэж зорьж байна. Хотынхоо иргэдийг өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадах чадамжтай болгох. Санал болгож буй төлөвлөгөөг бид бүхэн нягталж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талд санал санаачилга дэвшүүлэх болно. Нийслэл хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд Сарьдагийн хийдийн судалгааны асуудал орсон. Технологийн биржийг үргэлжлүүлээд явах ёстой байх. Мөн ШУА-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд хүүхэд, залууст зориулж шинжлэх ухааны мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал гаргаж байна” хэмээсэн юм.