Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVI хуралдаанаар нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай танилцуулгыг сонссон.
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн бөгөөд тэрбээр 2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэнийг танилцуулгын эхэнд дурдсан юм.
Тэгвэл 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 1311 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ын дулааны төв шугамын зуны их засварын ажлыг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэлээ. гүйцэтгэлтэй байна. Мөн улс, нийслэлийн төсвын хөрөнгө оруулалтаар дөрвөн байршилд 5112 км дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа гэнэ.
Түүнчлэн Орон сууц нийтийн аж ахуйн газрын хөрөнгөөр орон сууцны хорооллын доторх инженерийн шугам сүлжээ шинэчлэн солих ажлыг нийслэлд нийт 10 байршилд хийж байгаа аж. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байгаа гэнэ. Тодруулбал, ажлын хэсэг гарч нийт 41 сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд 18 сурууль, цэцэрлэг болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын 101 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад утаа шүүгч фильтер суурилуулах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байгаа гэлээ. Түүнчлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төлөвлөгөөнд бага, дунд оврын хаалтын 1110 ширхэг зууханд утаа шүүгч фильтер суурилуулахад зориулж 10 тэрбум төгрөг ийг тусгасан гэлээ. Өнгөрсөн оны өвөлжилтийн тайлан болон 2019-2020 өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар талаарх асуудалтай холбогдуулан төлөөлөгчдөөс хэд хэдэн санал гарсан.
Тухайлбал, төлөөлөгч Н.Баярмөнхийн зүгээс хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэн айл өрх, гудамж талбай мөсөнд автаж байгаа асуудал дээр онцгой анхаарч ажиллахгүй бол шугам хоолой солих, далан тавих зэргээр түр зуур арагцаах нь буруу гэдгийг хэлж байсан. Түүний оронд эдгээр өрхүүдэд шинээр газар олгож, нүүлгэн шилжүүлэх, байр сууцаар хангах зэргээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс энэ ажлыг өвөлжилийн бэлтгэх ажлыг хангах ажлын жагсаалтдаа оруулаад шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тэгвэл төлөөлөгч Л.Нарантуяагийн зүгээс Хан-Уул дүүргийн зарим орон сууцны хонгилын давхарт ус тунасан асуудлыг анхааралдаа авч ажиллахыг хотын даргад хэлсэн. Үүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зүгээс “Бид ажлын хэсэг байгуулаад хонгилын давхарт ус тунаад байгаа орон сууцнуудын нөхцөл байдалтай нэг бүрчлэн танилцсан. Тэгээд буруутай этгээдийг тогтоол, юуны учир ус нэвчиж байгаа шалтгаан нөхцөлийг тогтоохоор эрдэмтэн судлаачдын багийг ажиллуулж дүгнэлт гаргасан. Шаардлагатай арга хэмжээ авна” гэсэн хариулт өгсөн. Харин төлөөлөгч Ц.Сандаг-Очир Багануурын нүүрсний уурхай болон дулааны цахилгаан станцыг шинэчлэх, дэвшилтэд техник, технологиор хангахад онцгой анхаарч ажиллахгүй бол нийслэл хотын дулааны галыг манаж байгаа газрыг орхигдуулж болохгүй шүү хэмээн анхааруулж байлаа. Үүнд нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын хурлаар Багануурын дулааны станцыг өргөтгөх, шинэчлэх асуудлыг ярьж, ажил хэрэг болгох чиглэлийг холбогдох газруудад өгөөд байгаа гэсэн юм. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р. Дагва нийслэлийн иргэдийг тав тухтай өвөлжихөд бүх боломжоо дайчлан ажиллахыг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцуулга хийсэн. Өнгөрсөн 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Тэгвэл нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн дүнтэй гарчээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хувиарлах орлого нь 100 хувь төвлөрсөн байна.
Тэгвэл өнгөрсөн онд нийт 33034 татвар төлөгч иргэнд 23 тэрбум 610.4 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг хийжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад нэг тэрбум 804.8 сая төгрөг буюу 7.2 хувиар буурсан байна.
Газрын төлбөрийн орлого 9.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн боловч газрын дуудлага худалдааны орлогын тасалдлаас шалтгаалж, газрын төлбөр нийт дүнгээр 3.1 тэрбум төгрөгөөр тасалдсан дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 42 байршилд 100.8 га газрыг дуудлага худалдаагаар худалдаж, 13.7 тэрбум төгрөгийн орлогыг хотын төсөв төвлөрүүлэхээр баталсан ч Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар дуудлага худалдааны жишиг тариф бууруулж баталсан, найман байршилд татвар төлөлтийн даалгавар батлагдаагүй, батлагдсан байршлуудаас дуудлага худалдаа зохион байгуулсан ч зургаан байршилд 6.3 га газар 909.8 сая төгрөгөөр зарагдаж, үлдсэн байршилд газар худалдаагүй зэрэг шалтгаануудаас үүдэн газрын дуудлага худалдааны орлого 12.7 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин татварын бус орлого 708 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Нийслэлийн 2018 оны төсвийн нийт зарлага нэг их наяд 182.3 тэрбум төгрөг байжээ. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын нийт зардлын төлөвлөгөөг 778 сая төгрөгөөр баталж, 715.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Тусгай шилжүүлгийн төсвийн байгууллагуудын нийт зарлагын төлөвлөгөөг 364.2 тэрбум төгрөгөөр баталж, 357.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байжээ. Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн байна. Нийт зарлагын 996.8 тэрбум төгрөг нь урсгал зардалд, 285.5 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардалд зарцуулжээ
Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчдөөс олон санал гарсан. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, үр өгөөжид анхаарах шаардлага байгааг хэлсэн. Тухайлбал, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, төсөвт хохирол учруулах хар хайч, төмөр хашлага зэргийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн ажилтан албан хаагчдад хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой гэсэн санал гарсан. Мөн төсийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын чанар, насжилтад анхаарахгүй бол үргүй зардал болж, нийслэл хотын өнгө үзэмж, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг хэлэх хүн цөөнгүй байсан юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн оны гүйцэтгэлийг баталж, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргасан юм.