Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоом өнгөрсөн оны долдугаар сард эвдэрсний улмаас найман хүн гэмтсэн. Тэдний дөрөв нь хүүхэд байсан юм. Тус паркийнхан тоглоомуудаа шинэчилж, засвар, үйлчилгээ хийсэн, эсэхийг уржигдар сурвалжиллаа. Биднийг очиход хүн цөөн, сэлүүхэн байв. Уг нь тус паркийнхан жилд 110 өдөр ажилладаг, өдөрт 12 000, жилд 620 000 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Гэвч баярын өдрүүдээс бусад үед ачаалал багатай аж. Цаг агаарын байдлаас шалтгаалаад дөрөв, эсвэл тавдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Тиймээс тоглоомуудаа гуравдугаар сард засаж, шинэчлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ынхнаар шалгуулдаг. Өнгөрсөн онд осол гарсантай холбоотойгоор НМХГ-ынхан энэ удаа шууд шалгахгүй, эхлээд тоглоом үйлдвэрлэгч байгууллагаар шалгуулж, баталгаажуулахыг шаардсан байна. Ингэснээр тоглоом эвдэрвэл үйлдвэрлэгч ч хариуцлага хүлээнэ гэсэн үг. НМХГ-ын байцаагчтай уулзаж энэ талаар тодруулах гэсэн ч ээлжийн амралттай гээд мэдээлэл өгөхөөс татгалзав.
Хүрээлэнгийнхэн энэ онд засварын ажилд 360 сая төгрөг зарцуулжээ. Нийт 18 тоглоомтойгоос “Зөгийн үүр” болон “Эргэдэг сандал”-ыг саяхан суурилуулсан байна. Торх хэлбэртэй, жижиг модон байшин дунд байрлуулсан “Зөгийн үүр” тоглоом 20 хүрэхгүй суудалтай бөгөөд бүгдэд нь төмөр бэхэлгээ хийжээ. Хурц ирмэггүй, бага хурдтай, хэт өндөрт хөөргөхгүй учир хүүхдүүдийн дийлэнх нь сонирхож байв. Харин “Сансрын хөлөг” тоглоомыг эвдэрсэн даруйд нь ашиглахаа больсон гэнэ.
Шинийг авчирч, хуучныг зассан учир өдгөө бүх тоглоомыг өдөр бүр ажиллуулж байгаа аж. Гэхдээ тэдгээр нь учир дутагдалтай санагдав. Тэндхийн ихэнх тоглоомыг 110 см ба түүнээс дээш өндөртэй хүүхдүүдэд зориулсан гэнэ. Гэтэл бага насны хүүхдүүд тоглоно гэж уйлж, хашхирах тохиолдол хааяагүй. “0-8 настай хүүхдэд зориулсан тоглоом тоотой хэдхэн л байдаг. Цаашид нэмэх шаардлагатай” хэмээн тэнд байсан эцэг, эхчүүд хэлсэн.
Ихэнх тоглоомын бэхэлгээ, бариул нь төмөр, “Эргэдэг савлуур”, “Алсыг харагч”-ийн сандал нь хуванцар учир нартай өдөр халсны улмаас арьс “болгох” шахав. Тоглоомууд нь сэгсэрч, савладаг тул гадуур хувцас, цүнх, гар утас унагах эрсдэлтэй аж.
Тоотой хэдэн тоглоомын хажууд эд зүйлсээ хийх шүүгээ байсан ч хаалга, нугас, бариул гээд бүтэн юм алга. Тийм “цоорхой саванд” хадгалуулахад хэр найдвартайг таашгүй. Эд зүйлсээ хадгалуулах нэгдсэн хэсэгтэй болох шаардлагатайг зарим иргэн хэлж байлаа.
Паркийн тулгамдсан асуудлын нэг нь ногоон байгууламж. Хойд хэсэг нь бараг зүлэггүй шахам. Шарилжиндаа бариулжээ. “Парк ногоон байгууламжгүй гэж иргэд шүүмжилдэг хэрнээ чадахаараа зүлэгжүүлсэн хэсгийг талхалчихдаг. Явган хүний зам байсаар атал хөндлөн гулд алхдаг нь харамсалтай. Зүлгийг 10 хүн гурван ээлжээр усалж, арчилдаг. Зарим хүн бидний хөдөлмөрийг ер үнэлдэггүй” хэмээн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн ногоон байгууламж, үйлчилгээ хариуцсан инженер Э.Дэлгэржаргал хэллээ.
Нийслэлийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Соёл амралтын парк нэртэйгээр 1965 онд тус хүрээлэнг байгуулжээ. Түүнээс хойш төдийлөн хөгжиж дэвшихгүй, өргөжихгүй байгаа шалтгаанаа хэд хэдэн зүйлтэй холбон тайлбарласан. Тэд жилд ердөө 110 хоног ажиллаад, орлогоосоо урсгал зардал, ажилчдын цалинд зарцуулахаас гадна газрын түрээсэнд 400 гаруй сая төгрөг төлдөг аж. Тоглоомуудаа шинэчлэх гэхээр үнэ нь тэнгэрт хадсан байдаг учраас чаддаггүй гэнэ. Жишээ нь “Галзуу хулгана” тоглоомыг таван тэрбум төгрөгөөр авсан бөгөөд алдагдлаа одоо ч нөхөж чадаагүй гэж захирал нь учирлав. Түүгээр ч зогсохгүй анх 35 га талбайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч ойр хавийн барилгуудад дөрвөн га газраа алджээ. Мөн улсдаа хамгийн томд тооцогддог авто зогсоолынх нь дундуур гүүр барих нэрийдлээр хашаа татаад, 60 орчим хувийг нь ашиглах боломжгүй болгочихож. Гүүр барьж дуусахаар зогсоолын газрыг буцааж өгнө гэсэн ч бүрмөсөн алдчих вий гэж болгоомжилж буйгаа паркийнхан нуугаагүй. Зогсоол хүрэлцэхээ больсны улмаас тэнд очих хүн цөөрсөн гэдгийг ч “ховлов”. Тиймээс олон үйлчлүүлэгч хүлээн авахын тулд парк руу орох хаалгыг буулгаж, 1000 төгрөгийн төлбөр авахаа больжээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэн 22.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай ч үйлчлүүлэгчдээ тоглож дуусахыг хүлээсээр 00.00 цаг хүргэдэг гэсэн.
Олны хөлд дарагддаг газарт худалдаа, үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа явуулах нь түгээмэл. Үүнийг дагаад цөөн боловч ажлын байр бий болдог юм байна.
Тод цэнхэр, шар өнгийн богино ханцуйтай цамцаар жигдэрсэн залуус хаа сайгүй харагдах нь иргэдэд яаж тоглох, аюулгүй байдлаа хэрхэн хангахыг зөвлөх ажилтнууд аж. Хаа сайгүй холхих иргэд аагим халуунд нозооронгуй харагдав. Яаран гүйх нэгэн ажилтнаас хэдэн зүйл лавлалаа. Түүнийг Б.Энхбаяр гэдэг бөгөөд “Хүрээ” дээд сургуулийн оюутан гэнэ. Жилд 70-80 оюутан паркт түр буюу цагийн ажил хийдэг. Тэд хариуцсан тоглоомоо хянахаас гадна үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. “Ажилд ороод 10 гаруй хонож байна. Эх үрсийн баяраас хойш манайхыг зорих хүн цөөрсөн. Харин наадам дөхөөд ачаалал нэмэгдэж байна. Бид 10.00-22.00 цагт ажиллах ёстой ч хамгийн сүүлчийн үйлчлүүлэгчийг явахаар л тардаг. Цагийн хөлс 2500, нэмж унааны 2000 төгрөг өгдөг. Миний хувьд “Тагада” эргэдэг тоглоомыг хариуцаж, хүмүүс бүс, хамгаалалтын хэрэгслээ зөв зүүсэн, эсэхийг шалгаж, хувийн эд зүйлсээ биедээ авч орохгүй байхыг сануулдаг” гэсэн юм.
Тус хүрээлэнгийн нэг тоглоомын үнэ 4000-6000 төгрөг аж. БНХАУ-ын Шанхай хотын “Дисней лэнд”-ийн бүх тоглоомд тоглох эрх нь нийт 399 юань буюу 160 мянган төгрөг. Эдийн засгийн уян хатан байдлыг бодож, тус хүрээлэнгийхэн ч багцын үнэ санал болгодог олон улсын жишгийг дагажээ. Тухайлбал, 12 төрлийн тоглоомоос дуртайгаа сонгон үйлчлүүлэх, 30 хоног хүчинтэй тасалбарыг 30 000 төгрөгөөр зардаг. Тасалбар борлуулах цэгүүдээ хэд хэдэн газарт байрлуулсан нь иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилготой. Бүх тоглоомын дэргэд анхаарах, хориглох зүйлсийг дэлгэрэнгүй бичсэн самбар байршуулжээ. Жишээ нь, “Дээрэмчний онгоц”-нд суусны дараа бариулаас сайн барих, хоол, хүнс авч орохгүй, хамгаалалтын бүс заавал зүүх зэргийг чанга яригчаар давхар анхааруулдаг юм байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, 110 см-т хүрэхгүй хүнд үйлчлэхгүй, бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгахгүй байхыг сануулжээ. Болзошгүй эрсдэлийг тооцон ийнхүү санамж гаргадгийг үйлчилгээний ажилтан Д.Бумдарь хэлсэн.
Ташрамд дурдахад, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамнаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд наадмын өдрүүдэд гадаадын жуулчдад зориулсан язгуур урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулах болжээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул, Э.Намууланцэцэг