Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан доор “Шарилжгүй Улаанбаатар” аяныг зохион байгуулж байна. Тус аян хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь нөгөөдөр дуусах юм. Дээрх албаны хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуунаас аяны үр дүнгийн талаар тодрууллаа.
-Аяны эхний шатанд ямар ажлууд амжуулав?
-Энэ жилийн аяны онцлох зүйл нь 100 хүнийг бригадын зохион байгуулалтад оруулж, зориулалтын тоног төхөөрөмж болох автомат хадуур, тармуур, гар хадуур, ажлын хувцас, бээлий, амны хаалт зэргээр ханган, шарилж түүлгэж байна. Нийт төсөв нь 150 сая төгрөг. Үүний дийлэнхийг нь ажилчдын цалинд зарцуулж байгаа.
Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн, хүний биед хор нөлөөгүй, шарилжийн ургалтыг зогсоож, хатаах үйлчилгээтэй бэлдмэл туршиж байгаа. Одоогоор ХСҮТ, ХӨСҮТ, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, “Өргөө” амаржих газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Сэлбэ, Дунд голын эрэг, Дунд голоос Нарны гүүр хүртэлх зам дагуух шарилжийг цэвэрлээд байна.
-Дараагийн шатанд юу хийх вэ?
-Хоёрдугаар шатанд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хашаан доторх шарилжийг цэвэрлэнэ. Мөн дүүргүүдийн зам, талбайн 920 үйлчлэгч, бүлгийн 250 ажилчин орон сууц, гэр хорооллын замын хажууд ургасан шарилжийг хуваарийн дагуу цэвэрлэнэ. Уг аяныг 2016 онд эхлүүлсэн. Үр дүнд нь харшилтай эмчлүүлэгчдийн тоо буурсан гэж мэргэжилтнүүд хэлсэн.
-Өнгөрсөн сарын 29-нд бүх нийтээрээ цэвэрлэгээ хийсэн. Үүнд иргэд хэр идэвхтэй оролцсон бэ?
-Иргэн, аж ахуйн нэгж бүр бүх нийтийн арга хэмжээнд оролцох үүрэгтэй. Бид гэр хорооллын иргэдэд амьдарч буй орчныхоо шарилжийг цэвэрлэхийг уриалсан ч идэвхтэй оролцоогүй. Иргэд эрүүл мэндээ хамгаалахын төлөө аянд заавал хамрагдаарай.