Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулж дуусчээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" компани хамтран мэдээлэл хийлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ: 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр бүх автобусыг бүрэн камержуулах, ард иргэдийг амар тайван зорчих боломжийг бүрдүүлэх шийдвэр гарсан. Үүний үр дүнд 28 аж ахуйн нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулан, хүлээлгэж өгч байна. Ингэснээр халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх болон жолооч нарыг хянах, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх гэх мэт ач холбогдолтой юм. Өнгөрсөн оноос нийтийн тээврийн халаасны хулгайн гэмт хэргийн гаралт өссөн. Өөрөөр хэлбэл, халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг гэсэн тоо бий. Иймд эд зүйлээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандах ёстой. Өргөдөл гаргаснаар камерыг шүүж, хэрэгтэнг илрүүлэх юм.
Нэг автобусанд нийт дөрвөн камер байрлуулсан байгаа учраас гадаад, дотоод орчныг бүрэн хянах боломжтой.
"Улаанбаатар смарт карт" ХХК-ийн менежер Ц.Түвшинжаргал: 2015 онд нийтийн тээврийг бүрэн камержуулах ажил хийгдэж байсан. Шалгалтаар гадны нөлөөгөөр 50 орчим хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсон байсныг шинэчилж, сайжруулах ажлыг давхар хийж байгаа. Ингэхдээ 123 сая төгрөгөөр 1226 автобусыг бүрэн камержуулсан. Энэ дундаа 80 автобусыг онлайнаар хянах боломжтой болсон юм. Манай компанийн хувьд камерын засвар үйлчилгээ, сайжруулалт зэрэг асуудлыг хариуцаж ажиллаж байгаа.