Сүүлийн жилүүдэд Монголд хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжин, тамирчдын амжилт мэдэгдэхүйц ахиж байгаа. Манай хөлбөмбөгчид “Катар-2022” ДАШТ-ий эхний шатанд Брунейн шигшээ багийг хожиж, түүхэн амжилтын эзэн болсон. Мөн А.Мөрөн, М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш нарын цөөнгүй тамирчин гадаадын лигт өрсөлдөн, дэлхийд алдартай “Пушкашийн академи”-д Монголоос анх удаа Г.Ганбаяр сурч байгаа нь том дэвшил. Анхны гэх тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа цөөнгүй хөлбөмбөгчин Монголд бий. Тэдний нэг нь Баясгалангийн Гарьдмагнай. Шигшээ багийн хамгаалалтын ноён нуруу байсаар өдий хүрсэн тэрбээр 2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-ий сорилгод оролцсон Монголын цорын ганц тамирчин. Б.Гарьдмагнай ДАШТ-ий эхний даваанд Брунейн хөлбөмбөгчдийг хожсоныхоо дараа зодог тайлж буйгаа зарласан юм. Өдгөө “Дэрэн” клубийн дасгалжуулагчаар ажиллаж буй түүнтэй ярилцлаа.
-Таныг өнөөдөр (өчигдөр) 06.00 цагт босож, бэлтгэл хийсэн гэж дуулсан. Өдөр бүр ийм эрт босдог уу?
-Өнөөдөр манай клубийн 12 хүртэлх насны ангиллын тамирчид Швед, Дани, Франц руу тэмцээнд оролцохоор явсан юм. Тэднийг гаргаж өгөхийн тулд эрт боссон. Бусад үед хэдэн цагаас босох нь ажлаас шалтгаалдаг. Би ер нь эртэч. Амралтын өдөр ч 10.00 хүртэл унтаж үзээгүй.
-Клубтээ дасгалжуулагчаар ажиллахын хажуугаар бэлтгэл хийн, амьдралаа зохицуулах амаргүй. Та хэрхэн зохицуулдаг вэ?
-Дасгалжуулагч хийх тамирчин байхаас тэр өөр. Хоёуланг нь зэрэг амжуулах үнэхээр хэцүү. Нарийн төлөвлөгөө, ажлын зөв зохион байгуулалт шаарддаг. Яалт ч үгүй гэр бүлийнхнээ хоёрдугаарт тавьчихаад байдаг гэмтэй (инээв).
-Монголын шигшээ багийнхан ДАШТ-ий эхний шатанд учраа таарсан Брунейн хөлбөмбөгчдийг хожиж, түүхэн амжилтын эзэн болсон. Та бүхэн бэлтгэлээ хэрхэн хийв?
-Энэ бол Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоор бичигдэх амжилт. Бид тэмцээний өмнө Тайландад 14 хоног бэлтгэл хийн, цугларалтад гарсан. Тэгсэн нь учиртай. Бэлтгэлээ тэнд базааснаар амьд зүлэг, Бурунейтэй ижил цаг агаарын нөхцөлд дассан. Бид эх орондоо зургадугаар сарын 1-нд ирж, “Баянгол” зочид буудалд байрлан, бэлтгэлээ хийж байгаад өрсөлдлөө.
-Та бүхэн Брунейн багтай хэрхэн тоглохоор төлөвлөв. Түүнийхээ дагуу өрсөлдөж чадсан уу?
-Тэдэнтэй эх орондоо болон талбайд нь тоглохын тулд сайтар судалсан. Монголдоо хийсэн эхний тоглолтод довтолж, хаалгандаа бөмбөг алдахгүй байх зорилготой өрсөлдлөө. Түүнийхээ дагуу тоглосон. Тэднийг хожсоныхоо дараа “Тивдээ төдийгүй дэлхийд алдартай Япон, БНСУ, Иран, Катарын баг Монголд тоглох боллоо” гэж бодсон.
-Өнгөрсөн жил Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөхдөө та бүхэн их урамшсан байх. Ер нь брунейчүүдийг ингэж хожино гэж төсөөлсөн үү?
-Монголын хөлбөмбөгийн холбооныхон эрэгтэй, эмэгтэйчүүдийн Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсанд баярлаж явдаг. Тус тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгараад их баярлаж, урамшсан. Монголд хөлбөмбөгийн спорт хөгжиж, бидний ур чадвар ахиж буйн илрэл болов уу. ДАШТ-ий эхний шатанд Брунейтэй таарсандаа баярласан, хожих боломжтой учраас тэр. Мэдээж тэдэнд дийлдэх вий гэж санаа зовсон.
-Монголын шигшээ багийнхан дараагийн шатны бэлтгэлээ хэрхэн базаах вэ. Тоглолтын арга барил, хамгаалалт, довтолгооныхоо тактикт өөрчлөлт оруулах шаардлага бий юү. Үүнд ахлах дасгалжуулагч ямар бодолтой байгаа бол?
-ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглох болсонтой холбогдуулан дотоодын тэмцээн их шахуу болж магадгүй. Тэгэхээр тамирчид бэртэж, гэмтэх эрсдэл ихтэй. Үүнээс манай хөлбөмбөгчид их болгоомжилж байна. ДАШТ-ий дараагийн шатанд хэрхэн өрсөлдөх, тоглолтын арга барилын талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч тодорхой, оновчтой тактик боловсруулах байх.
-Брунейтэй хийсэн тоглолтын дараа та шигшээ багаас зодог тайлахаа зарласан. Өмнө нь төлөвлөсөн байсан уу, эсвэл тухайн үед гэнэт шийдэв үү?
-Удаан бодож, төлөвлөж байгаад гаргасан шийдвэр. Өмнө нь Зүүн Азийн АШТий дараа энэ тухайгаа Майкл Вайсс дасгалжуулагчид хэлэхэд ДАШТ-ий сорилд оролцох, тэр хүртэл хүлээхийг зөвлөсөн. Шигшээ багаа түүхэн амжилтад хөтлөөд зодог тайлсан болохоор сайхан байна. ДАШТ-д урьдчилсан шатанд шалгарахад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдсан. Тэр мэдрэмжийг дахиж мэдрэхгүй гэж бодохоор бас гунигтай. Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ойг тохиолдон үе үеийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд, хөгжөөн дэмжигчиддээ баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье.
-Та ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох уу. Зодог тайлах ёслол хийх үү?
-Өрсөлдөлгүй яах вэ. За, тоглосон юм аа. Юу гэж оролцох вэ. Шигшээ багийнхныгаа дэмжин, дээлийнх нь захыг мушгаад л сууна даа. Зодог тайлах ёслол есдүгээр сард хийх бодол бий. Одоохондоо нарийн төлөвлөсөн юм алга.
-ДАШТ-ий сорилгод танаас олон удаа өрсөлдсөн монгол хөлбөмбөгчин бий юү?
-Байхгүй. Миний амжилтыг давтах, ахиулах тамирчин гарч ирээсэй гэж хүсдэг.
-Эдгээрээс хамгийн дурсамжтай аль тоглолт вэ?
-Зүүн Азийн АШТ-д өрсөлдөхдөө Гуамын хаалганд гоол оруулснаа дурсах дуртай. Тэгэхэд би талбайн голоос довтолж байлаа. Тэр тоглолтод манай багийнхан өрсөлдөгчөө 5:2-оор хожсон.
-Эх орноо төлөөлөн 35 тоглолтод оролцсон бил үү. Анх ямар тэмцээнд өрсөлдөж байв?
-Шигшээ багийн бүрэлдэхүүнд анх 2003 онд багтан, Зүүн Азийн АШТ-д оролцож байлаа. Надад нэг дэвтэр байдаг юм. Аль тэмцээнд, хэнтэй хамт оролцсон гээд бүхий л зүйлээ түүндээ тэмдэглэдэг.
-Багаасаа хөлбөмбөг тоглосон юм билээ. Эл спорттой амьдралаа холбоход юу нөлөөлөв?
-Ш.Насанжаргал гэдэг ах намайг эл спортод хорхойсоход нөлөөлсөн. Бэлтгэл, тэмцээнд, тэр ч бүү хэл найзуудтайгаа тоглохдоо ч намайг дагуулж явдаг байлаа. Тэгж явсаар хөлбөмбөгийн спортод дурлан, амьдралаа холбосон. Анх “Улаанбаатар мазаалайнууд” багт тоглон, амжилтын салхиа хагалж, цомын эзэн болсон. Дараа нь “Эрчим”-ийн тамирчин болоод лигийн аваргын цом өргөж билээ. Сүүлд “Дэрэн”-д хүчин зүтгэж байгаад дасгалжуулагч боллоо.
-Тоглолтын тань онцлог, гол давуу тал юу вэ?
-Би юугаа хэлэх вэ дээ. Сайн мэдэхгүй. Энэ талаар бусад хүнээс асуусан нь дээр байх.
-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв?
-2004 оны дээд лигт би “Улаанбаатар мазаалайнууд” багийн бүрэлдэхүүнд тоглосон юм. Тэр жил “Өдрийн од” багтай өрсөлдөхдөө хэттрик (гурван гоол) хийсэн. Түүнээс өөр тоглолтод олон гоол оруулснаа сайн санахгүй байна.
-Гадаадын багт тоглох бодол бий юү. Ер нь танд санал ирдэг үү?
-Гадаадын лигт тоглохыг мөрөөддөг байлаа. Надад тийм боломж хоёр удаа олдсон. Эхнийх нь Сингапурын лигт, нөгөөх нь Сербийн хоёрдугаар лигт өрсөлдөх. Даанч тухайн үед эхнэр минь жирэмсэн байсан болохоор зөвшөөрөөгүй. Одоо яг тэр мөчид дахин очвол бас л хүүхдээ, гэр бүлээ сонгоно. Мөрөөдлөө бус гэр бүлээ сонгосондоо харамсдаггүй.
-Монголын хөлбөмбөгчдөөс хэнийг үнэлж, үлгэрлэж явдаг вэ?
-“Бизнесийн чөтгөрүүд”, “Дэлгэр” багийн ахлагч С.Эрдэнэбат ахаас үлгэрлэн, дэмжсээр өдийг хүрсэн.
-Манай улсад хөлбөмбөг тоглоод амьдралаа авч явах боломж хомс. Та хэрхэн зохицуулдаг вэ?
-Бусдын адил хөлбөмбөг тоглохынхоо хажуугаар ажил хийж л зохицуулдаг.
-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу. Хүүхдүүд нь хөлбөмбөг хэр сонирхдог вэ?
-Би эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Хань минь хөлбөмбөг төдийлөн сонирхдоггүй. Халамж, хайр гээд эхнэр хүнд байх бүхий л чанар түүнд минь бий. Түүндээ анхны харцаар дурлаж байлаа. Бид гал голомтоо бадраагаад зургаан жил болж байна. Дунд хүү минь хөлбөмбөгийн спортод нугасгүй.
-Ямар клуб, тоглогчийг дэмждэг вэ. Олонх хүн Месси, Роналдуг онцолдог шүү дээ.
-Дэвид Бэкхем. Түүний уран дамжуулалт намайг олон жил баярлуулсан. Дэвид Бэкхем шиг болохыг мөрөөддөг байлаа.